УОК: Хот хоорондын тээврийн хөдөлгөөнийг зогсооно

2020-02-20 Засгийн газар


Улсын онцгой комиссын өнөөдрийн /2020.02.20/ хуралдаанаар хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-наас 27-ныг хүртэл зогсоохоор боллоо. Учир нь COVID 19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 13 аймгийн Онцгой комиссын дарга нар хүсэлт ирүүлээд байсан юм.

Энэ талаар Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин “БНХАУ-ын хаврын баярын үеэр 84 сая орчим хүн шилжилт хөдөлгөөн хийсэн нь коронавирус тус улсын бүх муж болон бусад улсад тархах нөхцөлийг бүрдүүлж, халдвар 34 хувиар нэмэгдсэнийг тогтоосон. Нийт 13 аймгийн онцгой комиссын даргаас ирүүлсэн саналын дагуу уг асуудлыг хэлэлцэж, орон нутгийн замын хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-ны өдрийн 08.00 цагаас 27-ны өдрийн 08.00 цаг хүртэл хот, хоорондын зорчигч тээврийг зогсоохоор боллоо. Үүнд агаарын нислэг хамаарахгүй, автобус, галт тэрэг, автомашинаар Улаанбаатараас орох, гарах, аймгуудаас орох гарах хөдөлгөөнийг зогсоож байна” гэдгийг тодруулсан юм.

Харин Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал “Зам хаах шийдвэр гарсантай холбоотойгоор хулгайн замаар явж, энд тэнд цасанд суугаад өөрийгөө хамт яваа хүмүүсийнхээ амь насанд эрсдэл учруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтэн байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулсан” гэлээ.

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.