О.Баасанхүү: Тэтгэврийн зээлийг тэглэх мөнгө байгаа эсэх нь эргэлзээтэй

2020-01-2 Парламент
Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэхээр санал нэгдсэн гэдгийг шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ мэдэгдсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу УИХ-ын тогтоолын төсөл боловсруулснаа өнөөдөр мэдээллээ.

Тэрбээр “Ахмадуудыг алагчилж болохгүй. Зээлтэй ахмадуудын тэтгэврийг тэглэх бол зээл аваагүй ахмад настныг мөн орхиж ялгаварлаж болохгүй. Тэдэнд мөн зээл авах боломж олгодог уу,  эсвэл мөнгийг нь олгодог уу боломж олгох ёстой. Хэрвээ Төрийн тэргүүний яриад байгаачлан мөнгө нь байвал ахмадуудаа алагчлахгүй гэсэн үүднээс хуулийн төсөл боловсруулсан. Тэтгэвэр, цалингийн зээлийг тэглэхгүй байх, 270 мянган өрхийг орон сууцтай болгохгүй байх сонирхол ямар ч улстөрчид байдаггүй юм. Мэдээж бүгдийг нь ингээд өгчихмөөр байна. Харамсалтай нь, бид 29 тэрбум ам.долларын өртэй. Улс дампуурвал хандивлагч орнуудын цугладаг Парисын клубээр энэ өрийг зарна. Манай улсын өрийг авах сонирхолтой орнууд бий. Жишээлбэл, Хятад улс байна. Өмнө нь дефолт болж байхад Монгол Улсын тодорхой газар нутгийг авах сонирхолтой тухай албан бус яриа гарч байсан. 2016 онд дефолт болоход бидэнд Хятадаас зээл авах эсвэл ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах сонголт байсан. Бид ОУВС-гийн хөтөлбөрийг нь сонгосон.

Ерөнхийлөгч гэнэтийн бэлэг барилаа. Баяртай мэдээ байна. Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулахаар тэтгэврийн зээлийг тэглэе гэнэ. Зөвлөгөөг дагая. Харин би хэдэн асуудлыг тодруулмаар байна. Нэгдүгээрт, Салхитын мөнгөний орд хэний өмч юм бэ. Энэ асуудал шүүхээр шийдвэрлэгдээгүй юм биш үү. Мөн арваннэгдүгээр сарын байдлаар тэтгэврийн зээл болон хүүгийн мөнгөнд 776 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн. Энэ мөнгө манай улсад бий юү. Манайх өр ихтэй учраас бонд босгоход тун хэцүү. Маргаантай асуудалд хэн ч зээл өгөхгүй шүү дээ. Энэ асуудлууд их эргэлзээтэй байна. Бодвол томчууд энэ асуудлыг шийдвэрлэх байх л даа.

Одоогоор манай улсад 233 мянга 34 хүн тэтгэврийн зээлийн данс нээсэн байна. Манай улс 300 мянга гаруй ахмадтай. Миний саналаар хүмүүсийг яаж алагчлахгүй байя. Алагчлахгүй байя гэдэг нь бүх ахмадыг нэг удаа зээл авахуулж, зээлийг нь тэглэе. Хэрвээ мөнгө нь байвал Цагаан  сараас өмнө зээлийг нь тэглэх шаардлагатай” гэсэн юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.