АТГ-аас Архангай аймгийн Засаг даргыг шалгаж байна

2019-11-20 Мэдээ, мэдээлэл

Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасанг АТГ шалгаж байна. Учир нь түүнийг албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр ийнхүү шалгаж байгаа аж. Мөн тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Өсөхбаярт холбогдох гомдлыг ч шалгаж байна.

Тодруулбал, эдгээр албан тушаалтнууд 2018 оны дөрөвдүгээр сард ИТХ хуралдаагүй байхад хуралдсан мэтээр баримт бүрдүүлэн А/369 дугаартай тогтоол гаргаж, Цэнхэр сумын таван га талбайг бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэгт татах үндэслэл болсон гэдэг мэдээллийг эх сурвалж өглөө.

Мөн уг хуурамч тогтоолыг үндэслээд 2018 оны дөрөвдүгээр сарын 19-нд Ашигт малтмал газрын тосны газар /АМГТГ/-т хандаж Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан 01/488 дугаартай албан бичгээр бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох хүсэлт хүргүүлсэн гэх мэдээлэл байгаа юм.

Тэдний энэ хууль бус үйлдлийг эсэргүүцэж, аймгийн ИТХ-ын есөн төлөөлөгч нь 2018 оны дөрөвдүгээр сард аймгийн ИТХ хуралдаагүйг батлаад зогсохгүй, Засаг дарга, ИТХ-ын дарга нар нийлж, сум, аймгийн ИТХ-ын бүрэн эрхэд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж буйгаа хууль сахиулах байгууллагынханд илэрхийлж байсан юм байна. Иймээс өнгөрсөн жилээс АТГ тэднийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, хуурамч бичиг баримт үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж буй бололтой. Одоогоор шалгалт дуусаагүй үргэлжилж буй юм байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.