Налайхын замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ

2019-11-4 Мэдээ, мэдээлэл

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх замыг өнөөдөр нээлээ. Тус зам ашиглалтад орсноор нийслэл төдийгүй зүүн гурван аймаг,Чойр-Замын-Үүдийн ачаа тээврийн болон Тэрэлжийн аялал жуулчлалын бүсийн хөдөлгөөний эрчмийг нэмэх, тэдгээрийг дагасан эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой юм. Монгол Улсын нэгдүгээр зэрэглэлийн авто замын хоёрт эрэмблэгддэг хоёр эгнээ, долоон метр өргөнтэй зорчих хэсэг бүхий, цемент бетон хучилттай байсан тус замыг анх БНМАУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 1956 оны хэлэлцээрийн хүрээнд 1958-1959 онуудад Хятадын зам барилгын компани барьж ашиглалтад оруулж байжээ.

Тэгвэл өнөөдөр тус замыг хоёр урсгалтай, 26 метр өргөнтэй, дөрвөн эгнээ,гэрэлтүүлэгтэй орчин үеийн хот хоорондын чанартай зам болгон өргөтгөн шинэчлэх ажлыг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлээд буй юм. Төслийн гүйцэтгэлийн шатанд 400 гаруй инженер ажиллаж, 150 гаруй техникийг ашигласан байна. Тус замд дахин дөрвөн сантиметр асфальтан хучилт нэмж хийх, замын хоёр талаар төмөр туузан хашлага хийх,суурьшлын бүсийн хэсгүүдэд явган хүний гүүрэн гарц хийх мөн явган болон дугуйн замын ажлыг гүйцээх ажлыг ирэх хавар дуусган, 2020 оны долдугаар сарын 1-н гэхэд бүрэн ашиглалтадд оруулах төлөвлөгөөтэй байгаа аж. Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор гүйцэтгэсэн энэхүү бүтээн байгуулалтын ажилд 36,9 сая ам.доллар зарцуулжээ.

Барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Синохайдро Лимитед Корпорейшн” компани, төслийн зөвлөх үйлчилгээг “Мөнхөд Ашидын зам” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Дардан говь” ХХК, “Тэгш плант” ХХК, “Гашууны гол” ХХК ажилласан байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.