Чуулган: ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТАЛЛАА

2019-10-17 Парламент

 Чуулганы танхимаас

Чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Хууль батлагдсанаар аймгийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан долоон төрлийн хавдрын эрт илрүүлэг явагдана. Үүнийг дагаа тоног, төхөөрөмж шаардлагатай байгаа учраас 30 орчим тэрбум төгрөгийг 2020 оны төсөвт суулган шаардлагатай байгаа юм. Мөн аймгийн төвүүд дээр хорт хавдрын эрт илрүүлэг хийх байгууллага бий болох учраас гишүүд мөн анхаарч ажиллаарай гэж хүсч байна. Хамгийн гол нь гишүүд 2020 оны төсөвт төсвийг нь суулгахад онцгой анхаараарай” гэдгийг тодотгосон юм. Харин УИХ-ын гишүүн Н.Батнасан “Хамгийн гол нь эрүүл мэндийн байгууллагууд оношлогоо, эмчилгээнд онцгой анхаарах нь зөв болов уу. Ховд аймгийн төв дээр 100 гаруй төрлийн оношлогооны тоног төхөөрөмжтэй болж, зүүн таван аймгийн иргэдэд үйлчлэх боломж бий болж байгаа юм. Энэ оншлогооны төв нээгдсэнээр баруун таван аймгийн иргэдийн хотын эмнэлгийг зорих урсгал буурах, эрүүл мэндийн үйлчилгээг хурдан шуурхай авах боломж бүрдэх юм. Үүнд Эрүүл мэндийн яам онцгой анхаарч ажиллаж байгаа” хэмээсэн юм.

Харин энэ бүгдэд ажлын хэсгийнхэн “Эрүүл мэндийн салбар жил бүр шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийн жагсаалт гаргаж, төсөвт суулгаж байгаа. Одоогоор 11 томограф болон 19 ходоодны хавдрын оношлогооны тоног төхөөрөмж дутуу байгаа. Бид шаардлагатай тоног төхөөрөмжүүдээ жил бүрийн төсөвт зохих хэмжээгээр тусгаад явж байгаа. Түүнээс гадна эрүүл мэндийн салбарын барилга, байгууламжийг өргөтгөх, шинэчлэх ажил чухал байгаа. Нийт барилгын 80 хувь нь 2004 оноос өмнө баригдсан барилга байгаа учраас шинэчлэх, өргөтгөх, засварлах шаардлага байгаа. Хавдрын өвчний эрт илрүүлгийг сайжруулах, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах чиглэлээр ажиллаж байна. 2018 онд дөрвөн ангиллаар урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулсан бөгөөд нийт 4,5 тэрбум төгрөг зарцуулаад байна” гэсэн нэмэлт тодруулга хийв.

Ингээд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг бүхэлд нь батлах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, хуулийн төслийг баталлаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тогтоолыг хэлэлцэж байна.

<

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.