Ийм зөвлөгөө гэж юу байдаг юм хэмээн гайхаж байна уу. Гэхдээ үнэндээ ингэж зөвлөх учир шалтгаан байна.
“30 цаг ажилласан ч ядраагүй л байна” хэмээн Твиттертээ жиргэснээс хэдхэн цагийн дараа ядаргаанаас болж нас барсан 24 настай бүсгүйн тухай мэдээ өнгөрсөн арванхоёрдугаар сард Индонезийг цочроосон юм. Ажлынхаа ачааллыг хэтрүүлсэн залуу бүсгүй энергийн ундаа ууж, оюун санаагаа хүчээр сэргэг байлгах гэж хичээсэн боловч бие, эрүүл мэндээ хуурч чадсангүй. Америкийн зар сурталчилгааны агентлагт ажилладаг энэ бүсгүй ерөөсөө ажлын хэнээтэй нэгэн байсан бололтой. Өмнөх жиргээнүүдээс нь ажиглаад байхад “Ажлынхаа өрөөнд ортой боллоо” “Шөнө дундаас өмнө гэртээ орж ирсэндээ баяртай байна” гэх мэтчилэн бичсэн байжээ. Одоо та түүнийг үнэхээр ажилсаг, хөдөлмөрч бүсгүй байж гэж бодож байна уу. Үгүй ээ, тэр ердөө л ажил амьдралаа зохицуулж сураагүй, бас амьдралынх нь хамгийн чухал, үнэ цэнэтэй зүйл юу болохыг ойлгоогүй нэгэн байж. Магадгүй, нас залуу болохоороо биеийн хүчээр бүгдийг давна гэж эндүүрч байсан биз ээ. Яг түүн шиг бодолтой, их л ажиллавал сайн, тэгвэл хэзээ нэг цагт юм дуулгана гэж итгэж яваа залуус олон. Үнэндээ юуны төлөө, яагаад ажиллаж байгаа билээ гэдгээ ч ухамсарлаагүй атлаа нэг л ажилдаа дарагдсан хүнд өдөр хоногийг өнгөрүүлж ядах. Ийм дутагдал залуу хүмүүст ихэвчлэн ажиглагддаг учир хэт их ажиллах хэрэггүй шалтгаануудыг танилцуулж байна.
1.Тоо чанарыг үгүй хийдэг
Та мэдээж ажлаа онц сайн хийж гүйцэтгэхийг хүсдэг л биз дээ. Гэхдээ таны гүйцэтгэх ёстой ажил, үүрэг даалгавар хэдий чинээ өснө тэр хэмжээгээр гүйцэтгэл нь буурч байдаг. Тиймээс сайн л ажиллая гэж бодож байвал тоймгүй олон ажлыг муу гүйцэтгэсний оронд цөөн хэдийг чанартай хийсэн нь дээр.
2.Нойр хамгийн чухал нь
Бүтээлч, урам зоригтой, амьдралын баяр баясгалантай байх юунаас эхэлдэг гэж бодож байна. Нойр. Ердөө л нойр шүү дээ. “Huffington Post” сонины эрхлэгч Арианна Хаффингтон залууст лекц унших үеэрээ нэгэн үе ямар ажлын хэнээтэй явсан, нэгэн удаа нойр дутуу явснаас ухаан алдаж унахдаа шагайгаа булгалсан тухайгаа ярьсан байдаг. Тэрээр бас ингэж ярьсан юм. “Би саяхан нэг залуутай үдийн хоол идсэн юм. Тэр надад урьд шөнө дөрөвхөн цаг л унтлаа гэж онгирч байгаа маягтай хэллээ. Тэгэхээр нь би түүнд хэрэв чи таван цаг унтчихсан бол өнөөдрийн үдийн зоог илүү сонирхолтой байх байлаа гэж хэлсэн юм даа” Тийм ээ, та өөрийгөө сэргэлэн цовоо байна гэж оюун санаагаа хэчнээн хуурсан ч бие чинь түүнийг хүлээн авахгүй. Нойрыг хүн хэзээ ч аргалж чаддаггүй юм. Тиймээс өдөрт ядаж таван цагийн нойр ав. Тэгвэл шалтгаангүйгээр уурлах бухимдахаас эхлээд ядарч сульдах гэх мэтийн асуудал аяндаа шийдэгдэнэ шүү дээ. Нойр дутуу хүн аливаа асуудлыг зөвөөр шийдэх чадвараар дутуу болдог гэсэн судалгааны дүн ч бий.
3.Их ажилласан баатар болох гэсний оронд үр дүнтэй ажилтан бол
Урьд орой нь шөнө дунд хүртэл ажиллаад өглөө ядарсан сульдсан амьтан чухал хуралд суулаа гэж та өөрийгөө төсөөл дөө. Үнэндээ ингэж ядарсан хүнээс шинэ бүтээлч санал санаачилга, асуудал шийдвэрлэх гарц хүлээх хэрэггүй байдаг. Тиймээс ажлаа шөнө дөл хүртэл сууж хийсэн “баатарлаг” хүн болохын оронд ажлын цагтаа багтааж төлөвлөгөөтэй, зохион байгуулалттай ажиллаад эртхэн харьж амарвал маргаашийн хуралд гялалзсан санаатай ирнэ шүү дээ.
4.Ажил дээрээ уурлаж бухимдахгүйн тулд…
Ажлын орчин дахь уур бухимдал юунаас үүсдэг билээ. Хэт ачаалал, цаг нь тулчихсан үүрэг даалгавар гэх мэтээс л үүсдэг шүү дээ. Гэхдээ үүнийг шийдэх гээд их ажиллах нь бас л буруу. Хэрэв та ажилтан бол энэ таны карьерт муу, харин та босс бол эрхэлж буй ажил бизнест чинь муу. Хамгийн зөв гарц бол ажлаа зөв зохицуулж, цагийн юмыг цагт нь хийх. Түүнээс их ажиллах огтоос биш.
5.Ажил хэзээ ч дуусахгүй
Ер нь, бол ажил хэзээ ч дуусна гэж байхгүй. Хэрвээ та ажилтан бол нэг үүрэг даалгаврын дараа дахиад л нэг даалгавар ирнэ. Харин бизнес эрхлэгч бол компаниа өргөжүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ турших гээд л ажил ар араасаа л ундарна. Тиймээс одооноос л ажил, амралтаа зааглаж сур.
6.Хайртай хүмүүсээ гомдоож байгаа юм биш биз
Таныг ажил, ажил гэсээр суух хооронд гэр бүлийнхэн чинь таныг үгүйлж, хайртай хүн чинь ганцаардаж суугаа юм биш биз. Бид их ажиллаж байгаагаа тэдний л төлөө гэж бодож, заримдаа ялархах нь ч бий. Гэвч үнэн хэрэгтээ хайртай хүмүүст чинь таны хүсээд байгаа нэр төр, албан тушаал, нэмэгдэл цалин биш хажууд хань болох хором мөчүүд илүү үнэтэй байж болох шүү дээ.
7.Эрүүл мэнд илүү үнэтэй
Хүн эцсийн эцэст сайхан амьдрах гэж л ажил хийдэг. Түүнээс ажиллахын тулд ажил хийдэг юм биш. Тиймээс ажил бол таны эцсийн зорилго гэж бодож болохгүй. Харин таны хамгийн эрхэм зүйл бол эрүүл мэнд. Эрүүл мэндээ золиослон байж мөнгө олвол эцэстээ олсон бүхнээ эргээд эрүүл мэнддээ зарцуулах болно. Яг одоо хамаг хөлс хүч, цаг заваа зориулан хийж буй ажил тань эрүүл мэндтэй дүйцэхүйц үнэ цэнэтэй юу гээд бодоод үз.
8.Ихэнх ажил бодсоноос чухал биш байдаг
Бид өдөр тутмын амьдралдаа хэт автахаараа аливааг томоор харж чадахаа больдог. Тиймдээ ч тасралтгүй эргэлдэх хүрд шиг ажлынхаа боол нь болсоор байдаг. Хэрэв 5, 10 жилийн дараа, магадгүй насны эцэст эргээд харахад одоогийн хийх гэж улайран зүтгэж буй ажил чинь санаанд торохуйц үнэ цэнэтэй байж чадах уу гээд бодоод үзээрэй. Хэдэн жилийн өмнө Бронни Уэр хэмээх эмнэлгийн ажилтан нас барсан өвчтөнүүдийнхээ хамгийн их харамсдаг зүйлүүдийг жагсаан бичжээ. Үүнд хүмүүсийн хамгийн их харамсал дагуулсан зүйл бол ажил дээр дэмий өнгөрүүлсэн цаг мөчөө гэр бүл, хайртай дотны хүмүүстээ, үгүй ядаж өөртөө зориулахгүй яав даа гэсэн бодол байж. Хэрэв танд амьдралын том зорилго байгаа бол мэдээж биелүүлэхийн тулд олон сар, жилээ зориулах нь зүйн хэрэг. Харин түүнээс бусад зам зуурын, тийм ч чухал бус зүйлд цаг заваа бүү зориул.
Дээрх бүх шалтгааныг дурдсны эцэст танд зөвлөхөд ажил таны бүх амьдрал биш, түүнээс чухал зүйл амьдралд зөндөө бий. Гэхдээ та ажлын талбарт үнэхээр амжилтад хүрэхийг хүсч байвал цагаа зөв хуваарилж, ажлаа төлөвлөж, тэр дагуу ягштал хийж сураарай. Тэр цагт та ажлын боол биш, харин ажил таныг амжилтад хөтлөх зам болно.
Б.Номун
3 цагийн өмнө
4 цагийн өмнө
5 цагийн өмнө
5 цагийн өмнө
2024-10-1
87301
30035
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.