Хүүхдийг хийлдэг завь, гудастай голын усанд оруулахгүй байхыг анхаарууллаа

2019-07-16 Мэдээ, мэдээлэл

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу энэ сарын 11-16-нд онцгой байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллалаа.

Энэ хугацаанд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын 5272 алба хаагч аюулт үзэгдэл, ослын 34, обьектын гал түймрийн 18, ой, хээрийн түймрийн 7 дуудлагаар ажиллаж 28 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг хангасан байна. Мөн өдрүүдэд нийслэлийн зургаан дүүрэг, 7 аймаг, суманд усны 14 хүн усанд осолдож амиа алджээ. Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.

Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байх, хөдөө орон нутгийг зорих иргэд бэлтгэл бэлэн байдлаа сайн хангаж, замд гарах, гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа өндөр сонор сэрэмжтэй байхыг анхааруулав. Мөн гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, хийлдэг завь, хийлдэг гудастай голын усанд оруулахгүй байхыг анхаарууллаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.