Эрүү шүүлтээс ангид байх эрхийг хангахад тулгамдаж буй асуудал

2019-06-26 Мэдээ, мэдээлэл

2019 оны 06 дугаар сарын 27-нд Улаанбаатар хотноо Төрийн ордонд зохион байгуулсан “Эрүүдэн шүүхийн хохирогчдын эрхийн асуудал” сэдэвт хэлэлцүүлэгт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор П.Оюунчимэгийн тавьсан илтгэлийг товчлон хүргэж байна.

Нэг: Монгол Улс дахь Эрүү шүүлтийн өнөөгийн нөхцөл байдал

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1984 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталж, 1987 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүчин төгөлдөр болсон Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг Конвенцоор оролцогч улсуудад эрүү шүүлттэй тэмцэх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, эрүү шүүлтэд өртсөний улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээг үр дүнтэй авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байдаг.

Монгол Улс Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцод 2000 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр нэгдэн орж, соёрхон баталсан бөгөөд түүний нэмэлт протоколд 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэгдэн орсон билээ.

Монгол Улс Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцод нэгдэн орсноор 2002 оны Эрүүгийн хуульд анх удаа эрүүдэн шүүх үйлдлийг гэмт хэрэг болгон зүйлчилж өгсөн байдаг. Гэвч 2002 оны эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйл нь тус конвенцийн заалттай нийцээгүйн улмаас эрүү шүүлт тулгасан этгээд ял завших, өөр хөнгөн төрлийн гэмт хэргээр зүйлчлэгдэх тохиолдол ихээхэн гарах болсон юм.

Харин 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчлэсэн найруулгад эрүү шүүлт тулгах гэмт хэргийг илүү өргөн хүрээг хамруулан зүйлчилж өгсөн бөгөөд Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцтой нийцүүлсэн гэж үзэж болохоор байна.

…Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн хороо болон Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос Монгол Улсад удаа дараа энэ асуудлаар зөвлөмж өгсөөр байтал Монгол Улсын Их Хурал Прокурорын байгууллагын тухай хуулийн 10, 45 дугаар зүйлийг хүчингүй болгож, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаж, 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 22 дугаар тогтоолоор тус албаны орон тоо, төсөв, эзэмшиж байгаа үл хөдлөх болон бусад эд хөрөнгө, техник хэрэгсэл болон харьяаллын гэмт хэргийг Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэргийн харьяалалд, ахуйн чанартай гэмт хэргийг Цагдаагийн байгууллагын харьяалалд тус тус шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь манай улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эрүү шүүлт тулгах гэмт хэрэг мөрдөн шалгах, тухайн гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр урьд хүрсэн ололт амжилтаасаа ухарсан алхам болсон юм.

Түүнчлэн Улсын ерөнхий прокурорын 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн А/67 дугаар тушаалаар баталсан журмын дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 27 дугаар зүйл (Мөрдөн байцаалт явуулах байгууллага)-д заасны дагуу эрүү шүүлт тулгах гэмт хэргийг тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан харьяаллаар Цагдаагийн газар, хэлтсийн мөрдөн байцаагч шалгах болсон нь сөрөг үр дагавар бий болгож, хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш байх зарчмыг алдагдуулсан.

Мөн Монгол Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/67 дугаар тушаалаар “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, эрүүгийн хэргийг шалгах, түүнд прокурор хяналт тавих харьяалал тогтоох тухай” журмыг баталсан.

Энэхүү журмаар Цагдаагийн байгууллагын алба хаагчдаас үйлдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, гэмт хэргийг Авлигатай тэмцэх газарт, Цагдаа, Авлигатай тэмцэх газрын алба хаагчийн үйлдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, гэмт хэргийг Тагнуулын ерөнхий газарт, Шүүх, Прокурор, Авлигатай тэмцэх газрын алба хаагчдын үйлдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, гэмт хэргийг Мөрдөн байцаах албаны Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөх хэлтэст, Тагнуулын байгууллагын алба хаагчийн Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчих гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл гэмт хэргийг Эрүүгийн цагдаагийн алба шалгахаар тус тус харьяалал тогтоосон нь оновчтой шийдэл биш бөгөөд мөрдөн шалгах эрх бүхий байгууллагууд харилцан нэгнээ шалгах нөхцөлийг бүрдүүлжээ.

Ийнхүү хэрэг бүртгэх, мөрдөн шалгах эрх бүхий байгууллагууд харилцан бие биенээ шалгаж байгаа нь эрүү шүүлт тулгах гэмт хэргийг бүрэн дүүрэн, бодитой шалгах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж, энэ төрлийн гэмт хэргийг хараат бус, бие даасан зарчмаар мөрдөн шалгах нөхцөлийг алдагдуулжээ. Улмаар эрүү шүүлттэй холбоотой гомдол, мэдээлэл, гэмт хэргийг субъектээр нь ангилан мөрдөн шалгахаар зохицуулсан нь энэ ажлын зорилго, урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах үйл ажиллагааг цалгардуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ял завшуулахгүй байх зарчим алдагдаж байгаа нь холбогдох байгууллагуудаас ирүүлсэн дараах мэдээллээс харагдаж байна.

Прокурорын байгууллагад 2018 онд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжтэй 69 гомдол, мэдээлэл ирснээс 22 гомдол, мэдээлэл буюу 31.9 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 46 буюу 66.7 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бол хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн мөрдөгчийн 1 тогтоолыг хүчингүй болгосон байна.

Авлигатай тэмцэх газар 2018 онд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжтэй 41 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан бөгөөд үүнээс 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бол 21 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлжээ.

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны тусгай субкъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэс 2017 онд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжтэй 13 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан бөгөөд бүх гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Мөн Комисст хуулийн байгууллагын ажилтнууд эрүүдэн шүүсэн гэх гомдол 2018 оны байдлаар 30, 2019 оны эхний хагас жилийн байдлаар 17 ирснийг шалгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлж шийдвэрлэжээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс эрүү шүүлт тулгах гэмт хэргийг 2017, 2018 онд хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг авахад эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017, 2018 онд Эрүүгийн хуулийн(2002 он) 251 дүгээр зүйл, Эрүүгийн хуулийн(2015 он) 21.12 дугаар зүйлээр хэрэг хянан шийдвэрлээгүй байна.

Үүнээс үзэхэд шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудад эрүү шүүлтээс ангид байх эрхийг баталгаажуулсан ч бодит байдал дээр хэрэгжихгүй байгаа бөгөөд эрүү шүүлт тулгах гэмт хэргийг мөрдөн шалгах, илрүүлэх чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан байгууллага байхгүйн улмаас эрүү шүүлттэй тэмцэх үйл ажиллагааны үр дүн хангалтгүй байна.

Хоёр: Хууль, шүүхийн практикт олон улсын гэрээ, конвенцийг хэрэглэх нь:

Монгол Улс НҮБ-аас батлан гаргасан хүний эрхийн 50 гаруй гэрээ, конвенцод нэгдсэн орсон байна.

Улсын Дээд шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн “Монгол Улсын олон улсын гэрээ болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг шүүхийн практикт хэрэглэх тухай” 09 дүгээр тогтоолын 3 дугаар зүйлд “Шүүх эрүүгийн хэрэг, иргэний болон захиргааны эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ хүчин төгөлдөр болсноор заавал даган мөрдөх шинжийг агуулсан, албан ёсоор нийтлэгдсэн, дотоодын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахыг шаардсан заалтгүй, Үндсэн хуульд харшлаагүй, үндэсний эрх зүйн харилцааны оролцогч этгээдүүдэд шууд эрх, үүрэг үүсгэх чадалтай Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ” гэж заажээ.

Шүүгч, прокурор, мөрдөгчийн хууль зөрчсөн ажиллагаа гэдэгт “…эрүүдэн шүүгдэж, хэрцгий, хүнлэг бус харьцаанд өртөж, сэтгэл санаа, эрүүл мэнд, амь насаараа хохирсон явдлыг хамруулж үзнэ”, “эрүүдэн шүүгдсэн гэдэгт Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын 1 дүгээр зүйлийн 1-д заасан хэн нэг хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн гэмт хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчилах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийг бие махбод, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдэл”-ийг ойлгоно гэж Улсын дээд шүүх тайлбарлажээ.

Үүний дагуу Улсын Дээд Шүүхийн 2017 оны эрүүгийн танхимын хуралдааны 350 тогтоолд дүн шинжилгээ хийхэд 14 тогтоолд олон улсын гэрээ, конвенцыг хэрэглэж шийдвэр гаргасан байх бөгөөд 1 тогтоолд Эрүүдэн шүүхийн эсрэг Конвецыг хэрэглэж шийдвэрлэсэн ба мөн шүүхийн 2018 оны хуралдааны 517 тогтоолын 26-д нь олон улсын гэрээ, конвенцыг хэрэглэсэн боловч Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцыг хэрэглээгүй байна.

Нөгөөтэйгүүр энэ нь прокурор, цагдаа, Авлигатай тэмцэх газар, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх талаар тодорхой, зохион байгуулалтай, үр дүнтэй арга хэмжээ авдаггүй, ажилтан, албан хаагчдын эрүү шүүлтийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх талаар сургалт, сурталчилгааны ажил хангалтгүйтэй холбоотой юм.

Мөрдөгч, эрүүгийн мөрдөгч, прокурор, шүүгч нар гэмт хэрэг илрүүлэх, мэдээлэл олж авах, хэрэг хүлээлгэх зорилгоор гэмт хэрэгт холбогдсон этгээдийг эрүүдэн шүүх, хүнлэг бусаар нэр төрийг нь доромжлон харьцах, ар гэрийнхэнтэй нь зүй бус харьцах, дарамт шахалт үзүүлэх явдал байсаар байна.

Дээрхээс үзэхэд эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх тодорхой, үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэх, хуулийн байгууллагуудын алба хаагчдад эрүү шүүлтийн талаарх олон улсын гэрээ, конвенцыг хууль, шүүхийн практикт хэрэглэх дадал олгох шаардлагатай байна.

Гурав: Эрүүдэн шүүгдсэний улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь

Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Хууль бусаар баривчлагдаж, эсхүл цагдан хоригдож хохирсон этгээд хохирлоо албадан нөхөн төлүүлэх эрхтэй”, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг Конвенцын 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Оролцогч улс өөрийн эрх зүйн тогтолцоогоороо эрүүдэн шүүгдсэн этгээд хохирлоо арилгуулах, шударга, хангалттай нөхөн төлбөр авах эрх, түүний дотор эрүүл мэндээ бүрэн сэргээхэд шаардлагатай төлбөр гаргуулах эрхийг хүлээн зөвшөөрнө. Эрүүдэн шүүгдсэний улмаас хохирогч нас барвал асран хамгаалагч нөхөн төлбөр авах эрхтэй.” гэж тус тус заасан байна.

Мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагаас баталсан Гэмт хэргийн болон эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хохирсон хүмүүсийн эрх зүйн хамгаалалтыг хангах үндсэн зарчмуудын 3.3-т “Төрийн албан тушаалтан болон төрийг төлөөлж албан үүрэг гүйцэтгэж буй этгээд үндэснийхээ хууль тогтоомжийг зөрчиж, эрх мэдлээ урвуулан болон хэтрүүлэн ашигласан бол хохирогч төрөөс нөхөн төлбөр авах эрхтэй байна. Засгийн газар нь өөрчлөгдсөн тохиолдолд тухайн асуудлыг хариуцах байгууллага хохирлыг барагдуулна” гэж заажээ.

Олон улсын эрх зүйн зохицуулалтаар эрүү шүүлтийн улмаас учирсан хохирлыг шударгаар, хангалттай нөхөн төлөхүүргийг Засгийн газар хүлээдэг. Өөрөөр хэлбэл, эрүү шүүлтийн улмаас учирсан хохирлыг төр хариуцан арилгах үүрэгтэй. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “…бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх…” эрхийг баталгаажуулсан боловч эрүү шүүлтийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар тусгайлсан эрх зүйн зохицуулалтгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгах талаар хуульчилсан ч шүүх бүрэн ашиглахгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй.

Мөн хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршигийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухайн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана;” Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэг “Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана” гэж тус тус заасан байдаг.

Тиймээс эдийн бус хохирлыг үнэлэх, тооцох аргачлал, эрх зүйн зохицуулалт өнөөдрийг хүртэл дутмаг, мөн олон улсын гэрээ, конвенцыг бүрэн ойлгож хэрэглэхгүй байгаагаас эрүү шүүлтийн хохирогч өөрт учирсан хохирлоо бодитой нөхөн төлүүлэх боломжгүй байна.

Дөрөв: Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нь

Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг Конвенцын 10 дугаар зүйлд “Оролцогч улсууд аливаа хэлбэрээр баривчлагдсан, саатуулагдсан, хоригдсон этгээдийг харгалзах, байцаах, харьцах, хууль сахиулах, энгийн, цэргийн болон эмнэлгийн бүрэлдэхүүн, төрийн албан тушаалтан, бусад хүмүүсийн сургалтад эрүүдэн шүүхийг хориглох тухай сургалтын материал, мэдээллийг бүрэн тусгана” гэж заажээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос Засгийн газарт “Олон улсын эрх зүйн баримт бичиг дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилж байгааг тэмдэглэхийн зэрэгцээ Хороо эдгээр баримт бичгийн талаарх шүүгчдийн мэдлэг хязгаарлагдмал талаарх төлөөлөгчдийн мэдэгдэлд санаа зовинож байна. Энэ талаар Хүний эрхийн зөвлөлийн эрүү шүүлтийн асуудал хариуцсан тусгай илтгэгч эрүүдэн шүүхийг хориглосон олон улсын стандартуудын талаарх прокурор, өмгөөлөгч болон шүүгч нарын суурь мэдлэг дутмаг гэж дүгнэсэн байдаг. Ялангуяа олон улсын гэрээ конвенцыг хэрэглэж үйлчлүүлэгчээ өмгөөлвөл шүүгч илүү хүнд ял өгдөг гэсэн мэдээллийг хороо авсан хэмээн дурдаад Конвенц буюу ялангуяа эрүүдэн шүүхийг хориглосон заалтын талаар шүүгч, прокурор, хуульч, өмгөөлөгч болон холбогдох бусад албан хаагчдын сургалтад заавал хамруулах шаардлагатай байна. Сургалт зохион байгуулахдаа оролцогч улс олон улсын дэмжлэг авч болно. Төрийн албан хаагч баривчилгаа, цагдан хорих асуудал хариуцдаг эрүүл мэндийн ажилтан болон хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчдад Станбулын протокол гэж нэрлэгдсэн Эрүүдэн шүүхийн болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэсэн үйлдлийг мөрдөн шалгаж, баримтжуулах гарын авлагаар мэргэшүүлэх сургалтад хамруулах хэрэгтэй байна” гэж зөвлөжээ.

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга зам нь эрүү шүүлтийг хориглох болон мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх тухай олон улсын гэрээ, баримт бичгийн талаарх хуулийн байгууллагын ажилтны мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, эрүү шүүлтээс ангид байх эрхийг хүндэтгэх, зөрчихгүй байх хандлагыг төлөвшүүлэх явдал юм. Энэ үйл ажиллагаа нь хуульчдын давтан сургалтаар биелэлээ олох учиртай. Тиймээс эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын 10 дугаар зүйлд оролцогч улсад тусгайлан үүрэг болгосон байдаг.

Комисс 2015 онд Улсын Их хуралд өргөн барьсан Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэлдээ Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг байгууллагуудыг бүтэн жилийн сургалтын хөтөлбөрт дүн шинжилгээ хийхэд дээрх байгууллагуудын ажилтан, албан хаагчдад зориулсан давтан болон мэргэшүүлэх сургалтын төлөвлөгөөнд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, эрүү шүүлтээс ангид байх эрхийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургалт багтаагүй талаар дурдаж байв.

Иймээс Комисс Улсын Их хуралд “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос өгсөн зөвлөмжийн дагуу шүүх, прокурор, хуулийн байгууллагын давтан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд эрүүдэн шүүхээс ангид байх эрхийн талаарх сургалтыг тогтмолжуулж, хуульчдын давтан сургалтын багт цагт хамруулах, сургалтын цогц хөтөлбөртэй болгох” тухай санал хүргүүлж, Хууль зүйн байнгын хороо 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 29 дүгээр тогтоолоороо “Нэгдсэн Үндэстний байгууллагын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос өгсөн зөвлөмжийн дагуу шүүх, прокурор, хуулийн байгууллагын давтан сургалтын хөтөлбөр төлөвлөгөөнд эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх болон эрүүдэн шүүхээс ангид байх эрхийн талаарх сургалтыг тогтмолжуулж, хуульчдын давтан сургалтын багц цагт хамруулах, сургалтын цогц хөтөлбөр батлуулах”-ыг Засгийн газарт чиглэл болгосон боловч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй байна.

Санал

Олон улсын гэрээ конвенцыг хууль, шүүхийн практикт хэрэглэж хэвших, үйл ажиллагааны нэг үндсэн зарчим болгох
Эрүү шүүлтийн улмаас учруулсан хохирлыг нөхөн барагдуулах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, сэтгэл санааны хохирлыг хэрхэн үнэлэх аргачлалыг боловсруулах
Мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, алба хаагчдын Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенц болон бусад олон улсын гэрээ конвенцын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх талаар сургалтын цогц хөтөлбөртэй болгох, сургалтыг давтан болон байнгын болгон тогтмолжуулах
Анхаарал хандуулсанд баярлалаа.

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.