НҮБ-ын хөтөлбөр, үйл ажиллагааг хянах шинэ цахим систем нэвтрүүлж байна

2019-06-25 Мэдээ, мэдээлэл

“Монгол Улсад 2017-2021 онд НҮБ-аас үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичгийн 2018 оны хэрэгжилтийг хянан хэлэлцэх Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хамтарсан Удирдах хорооны хурал энэ сарын 24-нд ГХЯ-нд болов.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хурлыг нээж, хэлсэн үгэндээ, баримт бичигт тусгасан ажлуудыг бүрэн бүрэн хэрэгжүүлж, Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг хангахад оролцогч талуудын бүтээлч санал, зөвлөмж чухал гэдгийг онцлов. Мөн Засгийн газраас “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн Үндэсний сайн дурын илтгэлээ энэ оны долоодугаар сард Нью-Йорк хотноо болох Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний уулзалтын үеэр танилцуулах гэж байгааг мэдээлэв. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн санаачилсан НҮБ-ын хөгжлийн системийн шинэчлэлийг дэмжиж байгаагаа илэрхийлж, Ерөнхий нарийн бичгийн даргын НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн албан тушаалд дэвшүүлсэн ноён Тапан Мишратай нягт хамтран ажиллахаа нотлов.

НҮБ-ын Суурин зохицуулагчийн үүрэг гүйцэтгэгч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Б.Транкманн хэлсэн үгэндээ НҮБ нь өөрийн үйл ажиллагааг сайжруулах хүрээнд тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлж буй орнуудад хэрэгжүүлж буй ажлуудаа хянаж байгааг дурдлаа. Мөн Монгол Улсад НҮБ-ын мэдээлэл буюу НҮБ-ын хөтөлбөр, үйл ажиллагааг хянах шинэ цахим систем нэвтрүүлж байгааг мэдээлэв.

Удирдах хорооны хурлаар НҮБ-аас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн 2018 оны тайланг хэлэлцэж, ололт амжилт, сорилт, сургамж болон цаашид анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй ярилцав. “НҮБ-аас 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ”-ний гурван тэргүүлэх зорилтын 2018 оны хэрэгжилтийн тайланг товч дурдвал:

1) Хүртээмжтэй өсөлт болон байгалийн нөөцийн тогтвортой менежментийг дэмжих чиглэлээр дотоодын шилжих хөдөлгөөний асуудлыг хөгжлийн төлөвлөлт, бодлогод уялдуулах талаар бодлогын баримт бичиг боловсруулах, хүлэмжийн хийн ялгаралыг тооцох мэдээллийн сан байгуулах, хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх үндэсний болон хотын бодлого стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахад дэмжлэг үзүүлж, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай эрх зүйн баримт бичгийг боловсруулсан бөгөөд зудын гамшигт өртсөн 4000 гаруй малчин өрхөд мөнгөн болон бусад хэлбэрийн тусламж үзүүлсэн байна.

2) Нийгмийн хамгааллыг сайжруулах, чанартай, тэгш үйлчилгээг дэлгэрүүлэх чиглэлээр эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад чиглэсэн Эрүүл мэндийн талаар баримтлах бодлого болон холбогдох журам боловсруулах, эрүүл мэндийн боловсролыг сургуулиадад нэвтрүүлэх, хотын эмзэг бүлгийн айл өрхүүдэд боломжит үнээр усны үйлчилгээг хүргэх, баяжуулсан хүнсний тухай хууль боловсруулах, олон талт ядуурлын үзүүлэлтийг олон нийтэд хүргэхэд дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллажээ.

3) Олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр төрийн албаны тухай хууль, төрийн албан хаагчдын сургалтын тогтолцооны шинэчлэл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, жендэрт суурилсан хүчирхийллийн үндэсний судалгаа, Улаанбаатар хотын засаг захиргаатай хамтран Гэр хорооллын хөгжлийн санаачлага, хүний эрхийн нөхцөл байдлын үнэлгээ, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхахын эсрэг конвенцийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, залуучуудын хөгжлийн тухай хууль, эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийг боловсруулахад дэмжлэг үзүүлж, залуучуудын хөгжлийн 17 төвийг байгуулж, залуучуудын оролцоог хангасан 3 платформыг байгуулсан байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.