Чехээс дөрвөн тахь авчирч Ховдод нутагшуулна

2019-06-18 Амьтан


Ховд аймгийн Булган сумын нисэх буудалд энэ сарын 19-ний лхагва гарагт Чехийн цэргийн онгоцоор Пржевальский адууны дөрвөн гүү авчирна. Ингэснээр Бүгд Найрамдах Чех улсаас ес дэх удаа зэрлэг адууг Монголд авчран нутагшуулах юм.

Энэ төсөлд Прагийн амьтны хүрээлэнд зочилсон бүх зочны санхүүгийн хувь нэмэр багтсан аж. Чехэд “Монголоос илгээх ил захидал” хэмээх санхүүгийн дэмжлэг авах аян зохион байгуулсан нь иргэдийн анхаарлыг ихээхэн татжээ. Аянд нэгдсэн хүн бүрт Монгол дахь багийн гишүүд гарын үсэгтэй ил захидал илгээж, орлого нь Монгол Улсад нэн ховордсон мазаалай, бөхөн, хавгай хамгаалах санд орно.

Нэн ховордож байгаа амьтны төрлийг хамгаалахаар Чех, Монголын мэргэжилтнүүд хамтран ажилладаг. Үүний үр дүнд жил бүр дархан цаазат Говийн Б бүс дэх тахийн тоо өсч байна. Монгол Улс руу европын амьтны хүрээлэнгүүдээс энэ жил нийт 35 адууг сэргээн нутагшуулжээ.

Мөн Прагийн амьтны хүрээлэн Говийн Их Дархан цаазат газрын Б хэсэг дэх байгаль хамгаалагчдад шинэ бартаат замын тээврийн хэрэгсэл болон мотоцикл хүлээлгэн өгнө гэж Чехийн ЭСЯ-наас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.