АН-аас Засгийн газрыг огцруулах шаардлага хүргүүллээ

2019-05-31 Парламент
 УИХ-ын Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, товлосон асуудлаа хэлэлцэж эхлэв. Өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

-Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир нарын 6 гишүүн 2018.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;

-Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

– Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

-“Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн,эцсийн хэлэлцүүлэг/;

– “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Ийнхүү хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Захиргааны ерөнхий хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд чуулганаар оруулах шаардлагатай байсан юм. Өчигдөр манай нам эрх баригчаас хариуцлага нэхэх жагсаал цуглааныг зохион байгуулж УИХ-д шаардлага хүргүүлж байгаа. Шаардлагыг одоо УИХ-ын чуулган дээр өгөх товтой байгаа. Тус шаардлагад “Сүүлийн үед ардчиллын ололтыг үгүйсгэх, эдийн засгийн болон гадаад бодлогын тулгуур зарчмууд алдагдах, Үндсэн хууль болон хуульт ёсыг үгүйсгэх, албан тушаалын төлөөх тэмцэлдээн ард иргэдийг хөлдөө чирч бухимдуулсан үйлдэл нь хэрээс хэтрэх, улс орныг дарангуйлал руу аажим хөтлөх ийм санаархал газар авч байгааг АН эрс эсэргүүцэж байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр УИХ-ын дарга болон Засгийн газарт шаардлагаа хүргүүлж байна. Засгийн газрын огцруулах хэд хэдэн үндэслэл бий.

Хулгайтай, аллагатай, авлигатай, хариуцлага алдсан ослуудтой, төрийн чанга хамгаалалт дор ч иргэд нь амиа алдсан, халдварт өвчинтэй өнөөгийн Засгийн газар, эрх баригчдын 2016 онд ард түмэндээ амлаж байсан мөрийн хөтөлбөрөөс нэг ч зорилт бүтэн биелсэнгүй, бүтээн байгуулалт хийгдсэнгүй. Мөн 10 сая ам.долларын авлигатай холбогдсон сайдын асуудал дарагдаагүй байхад дахин нэг сайд 1.2 сая еврогийн авлига авсан хэргийн асуудал гарч ирсэн нь хариуцлагагүй Засгийн газар огцрох хангалттай үндэслэл.

Эрх баригчдын их үнийн дүнтэй концессын гэрээнүүдийн асуудал, Төрийн албыг үнэлэн, наймаалцах замаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан “60 тэрбумын” гэгдсэн гэмт үйлдэл, Улсын Их Хурлын 49 гишүүн өргөсөн тангаргаа умартан, төрийн албаны ёс зүйг уландаа гишгэн, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас жилийн гурван хувийн хүүтэй зээлийг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр өөрсдөдөө олгуулсан, Төрийн ордны тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн зөрчлүүд даамжирсан зэргээр өнөөгийн Улсын Их Хурал нь зүй бус хандлагын үлгэр жишээ болсноороо, ард олны итгэл үнэмшил, тэднийг манлайлан дагуулах чадваргүй болжээ.

Иймд Засгийн газрыг огцруулах шаардлагыг өнөөдөр УИХ-ын даргыг  орлон гүйцэтгэж буй УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд гардуулна” гэлээ.

Мөн маргааш Эх үрсийн баяр болох тул УИХ-аас нийт эхчүүд, хүүхдүүдэд баярын  мэндчилгээ хүргэлээ.

Үүгээр хэлэлцэх асуудалдаа орж, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналын томъёололоор санал хураалтыг явуулж дууссанаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.