НМХГ: 29 цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцлах санал хүргүүлнэ

2019-05-21 Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн цэцэрлэгүүдэд хийсэн шалгалтын талаар өнөөдөр /2019.5.21/ мэдээлэл хийлээ.

Шалгалтад 274 цэцэрлэгийг хамруулсан бөгөөд боловсрол, эрүүл ахуй, барилга техник, хүнсний чанар стандарт, байгаль орчин зэрэг таван чиглэлээр явуулсан шалгалтаар 2860 зөрчил илрүүлж, 44 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Тухайлбал, шалгалтад хамрагдсан цэцэрлэгийн 25 хувь нь мэргэжлийн эрхлэгчгүй, 53 хувь нь мэргэжлийн багшгүй, 23 хувь нь гэрчилгээгүй туслах багштай байсан бол хувийн цэцэрлэгийн 50 хувь нь зориулалтын байргүй, 84 хувь нь тоглоомын талбай, биеийн тамирын заалгүй зэрэг зөрчил илэрчээ.

Товчхондоо, шалгалтаар 20 цэцэрлэг бага эрсдэлтэй, 63 цэцэрлэг дунд эрсдэлтэй, 25 цэцэрлэг өндөр эрсдэлтэй гэж үнэлэгджээ. Өндөр эрсдэлтэй цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлэх аж. Мөн тусгай зөвшөөрлийн эрх нь 2017, 2018 онд дуусан байхад үйл ажиллагаагаа явуулсаар байгаа хоёр цэцэрлэг, шалгалтаас санаатайгаар зугтсан гэх Баянгол дүүргийн хоёр цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг хүргүүлэх юм байна.

Түүнчлэн шалгалтад хамрагдсан төрийн өмчийн цэцэрлэгийн 15 хувийнх нь барилга байгууламж хуучирч, хүчин чадлаас 1.2-2.5 дахин их хүүхэд хүлээж авч байгаа нь эрүүл ахуйн нормоос 0.5-2 дахин их байгаа аж. Энэ нь халдвар хамгааллын дэглэм алдагдах, бага насны хүүхдийн дунд халдварт өвчин дамжих нөхцөл болж байна гэж үзжээ.

Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу цэцэрлэгийн багшийг зургаан сард нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах ёстой ч энэ тушаал хэрэгжихгүй байгаа бөгөөд цэцэрлэгүүдийн 10 орчим хувь нь ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулалгүй ажилд авсан байдаг аж.

Мөн НМХГ-т боловсролын хяналттай холбоотой ирж буй гомдлын 10 хувийг багшийн ёс зүйтэй холбоотой гомдол эзэлдэг бол долоон хувийг нь туслах багшийн ёс зүйтэй холбоотой гомдол эзэлдэг юм байна. Шалтгаан нь туслах багш бэлтгэх түр сургалтын чанар хангалтгүй байгаатай холбоотой ажээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.