Ч.Улаан: Махны нийлүүлэлтийг нэмэхээр ажиллаж байна

2019-05-14 Мэдээ, мэдээлэл

Ч.Улаан: Махны нийлүүлэлтийг нэмэхээр ажиллаж байна

Махны экспорт нэмэгдсэнтэй холбоотой дотоодын жижиглэнгийн үнэ энэ өвөл өссөн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногоос эхлэн дахин үнэ өссөн юм. Үнийг тогтворжуулахад хэрхэн анхаарч байгаа талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өнөөдөр мэдээлэл хийх эл асуудалд тайлбар хийсэн юм.

Тэрбээр “Махны нийлүүлэлт сүүлийн өдрүүдэд орон нутагт цаг агаар хүндэрсний улмаас махны нийлүүлэлт багассан байна. Түүнчлэн шатахууны үнийн өсөлт махны үнэд нөлөөлж байгаа аж. Тиймээс махны үнийг барихад дулааны аргаар боловсруулж экспортод гаргах махны хэмжээг дотоодын зах зээлийн хангамж, нийлүүлэлттэй уялдуулан квоттой болгохоор ажиллаж байна. Нийслэлчүүдийн өдөр тутмын махны хэрэглээ 100-120 тонн байдаг.  Энэ  хэрэглээг гурван сувгаар хангадаг. Нэгдүгээрт, нөөцийн махыг 127 цэгээр дамжуулан борлуулж байна. Хоёрдугаарт, “Хүчит шонхор” захаар дамжиж зах зээлд шууд нийлүүлж байгаа. Гурвадугаарт, хувийн хэрэглээгээр дамжиж хэрэглээ хангагдаж байгаа. Хангамжийн байдлыг шалтгаант их үүсвэрээр нь судалж үзэхэд улсын нөөцөөс нийтийн худалдаанд зориулан гаргаж байгаа махны хангамж харьцангуй тогтвортой байна. Өдөртөө 30 орчин тонн нөөцийн мах иргэдийн гар дээр очиж байна. Зах зээлийн дундаж ханшнаас 20-25 хувийн хямдралтай үнээр худалдаалагдаж байгаа. Цаашдаа бид нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Ялангуяа ойрын өдрүүдэд урьд өмнө нийлүүлэгдэж байснаас хоёр дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Мөн амралтын өдрүүдээр махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар төлөвлөж, нийслэлийн удирдлагуудтай ярилцаж байгаа” гэв.

Мөн нийслэлийн махны нийлүүлэлт хангамж, үнийн тухай мэдээллийг тус яамны газрын дарга Т.Гантогтох танилцуулав.

Тодруулбал, салбарын яам болон Мал эмнэлгийн газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран Улаанбаатар хот руу орж ирж буй махны нийлүүлэлт, мэдээллийг байнга авч ажиллаж байна гэв. Энэ хүрээнд энэ оны тавдугаар сарын 2-14-ны хооронд арав хоногийн хугацаанд нийт 791.7 тонн мах, 7164 мянган амьд мал нийлүүлэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар хонины ястай мах Хүчит шонхор захад 8000-8500 төгрөг. Нарантуул захад 9000, Амгалан захад 9000, Фермерүүд захад 10 мянга, Жуков худалдааны төвд 10500 байна.

Хонины цул мах Хүчит шонхор захад 9500-10500, Амгалан захад 10500, Жуков худалдааны төвд 10500 төгрөг байна.

Үхрийн ястай мах Хүчит шонхор захад 8000-9000, Нарантуул захад 10000, Амгалан захад 12000, Фермерүүд захад 12000, Жуков худалдааны төвд 12500, 19 үйлчилгээний төвд 10000 төгрөг байна.

Үхрийн цул мах Хүчит шонхор захад 10000-11500, Нарантуул захад 12000, 19 үйлчилгээний төвд 13000 төгрөгийн үнэтэй байна.

Харин махны нөөцийн асуудлаар 4000 тонн нөөцийн мах энэ жил бэлтгэсэн. Нөөцийн мах бэлтгэснээс хойш сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд 900 тонн мах борлуулсан дүнтэй байгаа гэв.

 

 

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.