Монгол Улсын соёлын элчээр О.Анужинг томилов

2019-04-15 Мэдээ, мэдээлэл

МУГЖ, балетчин О.Анужин, Монгол Улсаас ОХУ-ын Красноярск хотод суух өргөмжит консул Евгений Алексеевич Кузьмин нарыг Монгол Улсын Соёлын элчээр томилжээ. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гэрчилгээг нь  гардуулжээ.

Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин, гавьяат жүжигчин О.Анужин 2018 онд Шанхайн Олон улсын балетын уралдааны хүрэл медаль, Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын балетын 11 дүгээр тэмцээний Гран при, 2015 онд Токио Сити балет тэмцээний 3 дугаар байрыг эзэлж байсан залуу уран бүтээлч юм.

Өргөмжит консул Е.А.Кузьмин “Монгол-Оросын санаачилга 2018” цуврал ажлын хүрээнд зохион байгуулсан үзэсгэлэн яармаг, самбо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг хоёр орны хүмүүнлэг, соёл, аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр идэвх чармайлттай ажиллаж ирсэн билээ.

МУГЖ О.Анужин, Өргөмжит консул Е.А.Кузьмин нар Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллах хугацаандаа Монгол Улсыг, монгол соёл, урлагийг дэлхий дахинд идэвхтэй сурталчлан таниулах, хоёр орны иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх чиглэлээр ажиллах юм байна.

<

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.