Буух эзэн, буцах хаяг нь ил байхад Төр яагаад хохирол барагдуулна гэж…

2019-04-12 Нийтлэл

Дампуурал зарласан Капитал банкны чанаргүй зээлийг 80 хувь хүртэл явуулсан Монголбанкны удирдлагаас хариуцлага нэхэж, энэ хэргийн учгийг хөөвөл шударга харагдана. Жинхэнэ чанартаа тус банк хаалгаа барьснаар улсын даатгалын сангууд буюу энгийн иргэд л тэтгэвэргүй, эмний мөнгөгүй болчихлоо. Капитал банкинд төрийн данстай 400 тэрбум орчим төгрөг байршиж байсан гэдгийг чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүд мэтгэлзэн ярилцаж байна. Гэвч цагаан захтнууд аль эртнээс банкны дампуурал хэрхэн өөрсдөд нь хохиролгүй, уснаас ямар аргаар хуурай гарч болох талаар төлөвлөгөө боловсруулаад, хуульчилчихсан байсан. Өөрөөр хэлбэл, луйвар хийхийн тулд эртнээс зохион байгуулалтад орж бүхнийг нарийн төлөвлөсөн байсан нь өнөөдөр өрнөж буй үйл явдлаас өнгөтөөр харагдаж байна.

Наанадаж л, дампуурлаа зарласан УИХ-ын гишүүн Б. Ундармаагийн эл банкны хамгийн том хадгаламж эзэмшигч “Алтжин” группын эзэн Г.Алтан нэлээд овжин ажилласан байх юм. Тэрбээр банк үүдээ барих мэдээллийг сар орчмын өмнө авсан байх магадлалтай. Учир нь түүний хүү Эдвард Сүрэнгийн 60 тэрбум төгрөг хадгалагдаж байсан гэх. Гэвч Г.Алтан авхай хөрөнгөө авч чадахгүй, дампуурах нь тодорхой болонгуут нэг сая төгрөг өгнө гэж “Алтжин бөмбөгөр”-ийн түрээслэгчдийн иргэний үнэмлэхийг аваад Капитал банкинд хүн тус бүрт хадгаламжийн данс нээлгүүлсэн байж болзошгүй байна. Энэ талаар тус худалдааны төвийн иргэд жиг жуг хийх болжээ. Түрээслэгчдийн хэлж буйгаар судалгаа явуулах нэрийдлээр энэхүү ажлаа амжуулсан бололтой юм.

Учир нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 14 арилжааны банк бүгд хадгаламжийн даатгалд хамрагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, аль ч банкинд байгаа таны эзэмшдэг 20 сая хүртэл төгрөгийн бүх төрлийн хугацаатай, хугацаагүй хадгаламжийн данс болон бүх төрлийн харилцах данс /цалин, тэтгэвэр, карт гэх мэт/, бүх төрлийн гадаад валютын данс хадгаламжийн даатгалаар хамгаалагдсан гэсэн үг юм. Тиймээс л банк дампуурлаа зарлангуут 20 сая төгрөгөөс доош хадгаламжтай иргэд хадгаламжийн даатгалаас мөнгөө Хаан банкаар дамжуулан авах эрхтэй болж буй юм. Тэгэхээр Эдвард Сүрэн түрээслэгчдийнхээ буянаар тус банкинд хадгалуулсан хөрөнгөө авчих бололтой. Харин жирийн иргэд л улсдаа итгэж хадгалуулсан ирээдүйд хэрэглэх хэдэн сангийнхаа мөнгийг авч чадахгүйд хүрэх вий дээ. Гэхдээ яах вэ, Монголбанк мөнгө хэвлэдэг шүү дээ. Гэвч дахиад л жирийн иргэд үйл лайг нь амьдралаараа үүрнэ. Бид л цалин, орлогынхоо инфляциар энэ мөнгийг төлнө.

Гэвч дампуурсан банкны тэргүүн хатагтай УИХ-ын гишүүн Б.Ундармаа гэж чинээлэг эмэгтэй бий. Тэрбээр хувьдаа 128 тэрбумын хөрөнгөтэй, арилжааны банктай, “Бишрэлт”, “wellmart” сүлжээ дэлгүүрийн эзэн. Тэрбээр ЖДҮ-ийн зээлээс гадна ажилгүй иргэдийг ажлын байртай болоход төрөөс дэмжих зорилготой “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-ийн жижиг зээлийн эх үүсвэр 7.6 тэрбум төгрөгийн талыг хувийн “Капитал” банкаараа дамжуулан зориулалтын бусаар зарцуулсан байна.

2015 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Г.Баярсайхан “Хөдөлмөр эрхлэлтийн сан”-ийн жижиг зээлийн эх үүсвэр болох 7.6 тэрбум төгрөгийг Б.Ундармаагийн Капитал банкаар дамжуулан зорилтот бүлэгт хүргэх гэрээ байгуулжээ. Ажилгүй иргэдийг амьжиргааны эх үүсвэртэй болоход нь дэмжих зориулалттай учраас жилийн долоон хувийн хүүтэй хоёр жилийн хугацаатай олгодог жижиг зээл л дээ. Гэрээний хугацаа 2017 оны есдүгээр сард дуусч, 2018 оны гуравдугаар сард буцааж өгөх ёстой байсан ч “Капитал” банк уг мөнгийг буцааж өгөхгүй “луу унжсаар” өнөөдрийг хүрчээ. Аудитын шалгалт оруулахад уг 7.6 тэрбум төгрөгийн ердөө 50 хувийг нь л зориулалтын дагуу зарцуулсан. Үлдсэн 50 хувь нь зорилтот бүлэгтээ хүрч чадаагүй гэсэн дүгнэлт гарсан байх юм. Өөрөөр хэлбэл, 3.5 тэрбум төгрөгийг арилжааны зориулалтаар “эргэлдүүлсэн” гэсэн үг.

Гэхдээ эрхэм хатагтай “Би Капитал банкинд ямар ч хувьцаа эзэмшдэггүй. Ийм шийдвэр гарсан нь улс төрийн нөхцөл байдал орсон гэж бодож байна” гэсэн тайлбарыг өгч байх юм. Тэрбээр энэ асуудлаар ямар нэг тайлбар хийхгүй, ийм шийдвэр гаргасан Монголбанк өөрсдөө тайлбар хийх ёстой гэлээ.

Уг нь УИХ-ын гишүүд жил бүр АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгдөг. Энэхүү ХОМ-ийн хамгийн сүүлийн буюу 2018 оных өнгөрсөн долоо хоногт ил болгосон билээ. УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн ХОМ-ийг ЭНД дарж бүрэн эхээр нь харах боломжтой. Тэрбээр 2015-2018 онуудад ХОТ гаргахдаа Капитал банкинд 99,97 хувь эзэмшдэг гэдгээ дурдсан байна. Тэгэхээр Б.Ундармаа гишүүн өөрийнх нь ярьж буйгаар эл банкны эзэн биш үү, эсвэл Сангийн сайд асан С.Баярцогт шиг хөрөнгөө мартсан уу гэдгийг холбогдох газрынхан тодруулна биз ээ. Хэрвээ Б.Ундармаа гишүүн тус банкны эзэн бол хөрөнгө мөнгийг нь хурааж, ядаж ядарсан хөгшчүүлийнхээ Тэтгэвэрийн сангийн мөнгийг байранд нь байршуулахсан.

 

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.