Явган зорчигч гэмтсэн осол 80 гаруй хувьтай байна

2019-04-1 Мэдээ, мэдээлэл


Тээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 468 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 347-г нь шалгажээ. Улсын хэмжээнд зам тээврийн осолд өртсөн хүмүүсийн 80 гаруй хувь нь явган зорчигч байна.

Бүртгэсэн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт нэг хүний амь нас хохирч, 12 хүн гэмтэж бэртсэний тав нь бага насны хүүхэд байна.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг Дүнжингаравын замд “T.Crown” маркийн автомашины жолооч нь явган зорчигч 10 настай, эрэгтэй М-г мөргөж амь насыг нь хохироосон осол гаржээ. Мөн Баянхонгор аймгийн нутаг “Таанын хөндий” гэх газар шороон замд “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоцикль онхолдож, жолооч 43 настай, эрэгтэй Б-н амь нас хохирсон ноцтой ослыг шалгаж байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэж заасан ба харин “явган хүний гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж тус тус заасан байдаг аж. Гэвч жолооч нар явган хүний гарцан дээр явган зорчигч нарт зам тавьж өгдөггүй, хурд хэтрүүлснээс явган зорчигч зам тээврийн осолд өртөж байна. Түүнчлэн энэ долоо хоногт зургаан явган зорчигч автомашинд мөргүүлжээ.

Иймд жолооч та уулзвар, гарцан дээр хурдаа сааруулж, явган зорчигч нартаа зам тавьж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлахыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. Замын цагдаа нар амралтын өдрүүдэд 104 согтуу жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.