“Чи хэргээ хүлээхгүй бол дотны хүмүүсийг чинь хорино шүү” гэж эмзэг хүмүүс рүү нь дайрдаг

2019-03-28 Мэдээ, мэдээлэл

Хэвлэлийн бага хурал

-Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгаснаар эрүүдэн шүүх асуудал газар авсан-

Хүний эрхийн үндэсний комиссоос өнөөдөр цагийн үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Комиссын дарга Ж.Бямбадорж хурлын эхэнд “2014 оны нэгдүгээр сарын 24-нд УИХ-ын есөн гишүүн яаралтай горимоор хэлэлцүүлж Улсын ерөнхий прокурорын дэргэд байсан мөрдөн байцаах албыг татан буулгасан. Энэ үеэс эхлээд Монголд эрүүдэн шүүх асуудал газар авч эхэлсэн. Өчигдөр манай байгууллага мэдэгдэл гаргасан. Үүний дагуу иргэд мэдээлэл өгч байна. Хүний эрхийн үндэсний комисс 17 илтгэл бичсэн үүний 13-т нь ямар нэгэн байдлаар эрүүдэн шүүхтэй холбоотой асуудал орсон. Харамсалтай нь энэ талаар дорвитой арга хэмжээ аваагүй. Өнөөдөр хууль хяналтын байгууллагууд нэгнийхээ хууль бус байж болох үйлдлийг шалгахдаа тэгсхийгээд орхих болсон. Өөрөөр хэлбэл, хууль хяналтын байгууллагынхан өөрсдийнхөө үйлдлийг “Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна, нотлогдсонгүй” гээд орхидог болсон нь бодит үнэн.

Монгол Улс Үндсэн хуульдаа “Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ” гээд заачихсан. Манай улс 2014 онд эрүүдэн шүүх, хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлохын эсрэг конвенцын нэмэлт протколд нэгдсэн. Үүнийхээ төлөө эрүү шүүлтээс ангижрах механизм байгуулах ёстой. Түүнээс хойн таван жил өнгөрч байна. Энэ хугацаанд хоёр парламент үйл ажиллагаа явуулж байгаа ч хийсэн ажил алга. Дэлхийн ихэнх орон энэ системээ бий болгоод ажиллаж байгаа.

Улс, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амийг хороосон гэх хүмүүсийн хэргийг шийдвэрлэх үед тэр хүмүүсээс гомдол ирж байсан. 2015 оны наймдугаар сарын 31-нээс эхлээд л гомдол ирүүлсэн. Тухайн үед манайхаас олон газарт илгээсэн албан бичгүүд бий. Харамсалтай нь нууцын зэрэглэлтэй. Ерөнхий прокурор, ТЕГ, ШШГЕГ-ын дарга нарт анхааруулж байсан. Ганцхан хариу ирсэн. Тэр нь нийслэлийн прокурор Амгаланбаатар гэдэг хүний гарын үсэгтэй ганц бичиг ирсэн. Бүгдийг нь нэгтгээд хариу өгөөд байгаа юм уу, хаашаа юм. Гэтэл өнөөдөр байдал ямар болж байгааг та бүхэн харж байна. Одоо сум, аймагт хэрэг бүртгэх үйл ажиллагааг иймэрхүү байдлаар явуулж байгаа тохиолдол олон бий. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.6-д “Мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлах ба санаатай худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай сануулна” гэсэн заалт бий. Гэтэл одоо энэ заалтыг яг эсрэгээр нь ашиглаж байгаа нь манайд ирж байгаа гомдлуудаас харагддаг.

Жишээлбэл “Чи хэргээ хүлээхгүй бол эхнэрийг чинь, ээжийг чинь авч ирж хорино шүү” гэх мэтээр хамгийн эмзэг хүмүүс рүү нь дайрдаг. Хүний эрхийн үндэсний комисс 2011 оноос байцаалт авах үйл ажиллагааг дараа нь шалгахын тулд дүрс, дууны бичлэгт газар байцааж байхыг шаардсан. Үүний дагуу 2012 онд есөн дүүрэг, 21 аймаг, 461 дүгээр хорих ангид ийм нөхцөлийг бүрдүүлсэн өрөөтэй болсон.

Ийм мэдээллүүдийг өгөх зорилгоор өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг хийж байгаа юм. Ингэхгүй бол “Хүний эрхийн үндэсний комисс юу хийж байсан юм бэ” гэж ярих боллоо. УИХ-ын гишүүн хүртэл тэгж хэлж байна лээ. Тэр гишүүн өөрөө Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгах санал гаргасан есөн гишүүний нэг шүү” гэв.

Ийнхүү хурлын дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. Тухайлбал “Хүний эрхийн үндэсний комисс мөрдөн байцаах ажиллагаа явуулж буй камерын бичлэгтэй танилцах эрхтэй байдаг уу?” гэсэн асуултад “Үгүй. Харин түүнийг шалгах эрхтэй байгууллага нь үзээд шалгаж байг гэдэг үүднээс дуу, дүрсний бичлэгтэй болгохыг шаардсан юм” хэмээн хариулав. Мөн “Байцаалт явуулахдаа ашиглах зорилгоор цахилгаан сандал оруулж ирсэн гэсэн мэдээлэл гарч байсан. Одоо энэ сандлыг ашиглаж байгаа юу?” гэхэд “Тэр сандлыг ашиглахгүй байгаа. Тухайн үед нь манайхаас шаардлага хүргүүлээд зогсоосон” гэдгийг тодрууллаа.

 

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.