АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР “САЙН СУРГУУЛЬ” ХӨТӨЛБӨРИЙГ ДЭМЖИН, ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

2019-03-26 Мэдээ, мэдээлэл

“Авлигын тэмцэх үндэсний хөтөлбөр”-т боловсролын байгууллага болон гэр бүлээр дамжуулан авлигыг үл тэвчих, шударга иргэнийг төлөвшүүлэх зорилгоор олон талт арга хэмжээ зохион байгуулах, авлигын эсрэг боловсрол олгох агуулгыг бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөр, стандартад тусгахаар төлөвлөсөн байдаг.

Энэ зорилтын хүрээнд Авлигатай тэмцэх газар “Lead Mongolia -2018″ хөтөлбөрийн Ил тод байдлыг сайжруулах, авлигын эсрэг багтай хамтран “Сайн сургууль” төслийг Нийслэлийн 84-р сургууль, 23-р сургууль болон Дундговь аймгийн 1-р сургууль дээр хэрэгжүүлж эхэллээ.

“Сайн сургууль” хөтөлбөрийн 23 дугаар сургууль дээрх нээлтийн үйл ажиллагаа 03 дугаар сарын 22-ны өдөр болов. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Х.Оюунбаатар нээж үг хэлэхдээ “Аливаа байгууллага, нийгмийн дээд үнэт зүйл нь хүмүүсийн хоорондын харилцааны шударга байдал, нийгэмд амьдрах, хөгжих тэгш боломж бөгөөд Монгол улсад сургуулийн өмнөх болон ерөнхий, дээд боловсролын 2300 орчим байгууллагад сурч, боловсорч буй 1 сая орчим хүүхэд, залуусаар дамжуулан ирээдүйн шударга нийгмийг цогцлоох боломж бий, тийм ч учраас Авлигатай тэмцэх газар уг төслийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллаж байгаа” гэдгийг онцолсон.

Энэ үеэр хүний эрхийн активист, судлаач Б.Болорсайхан сурагчдад зориулан “Авлигагүй нийгмийг бүтээхэд миний оролцоо” сэдвээр сургалт хийв.

Төслийн арга хэмжээ Дундговь аймгийн 1 дүгээр сургууль дээр үргэлжлэн явагдах юм. Сурагчид болон багш нарт зориулсан сургалт, дадлага ажил зохион байгуулагдана.

Авлигын эсрэг ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, шударга ёсны талаарх боловсрол олгох үйл ажиллагааг багш, сурагч, эцэг эхийн оролцоонд тулгуурлан зохион байгуулж, тэдний санал, хүсэлтийг сонсож, улмаар холбогдох эрх зүйн актад тусгуулахаар зорьж байна хэмээн зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.