Насан туршийн боловсролын дэлхийн чиг хандлагыг судлахыг үүрэг болголоо

2019-03-18 Мэдээ, мэдээлэл

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр яамны харьяа байгууллагын нэг болох Насан туршийн боловсролын үндэсний төвд ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Тус байгууллага нь насан туршийн боловсролын бодлогын хэрэгжилтийг үндэсний хэмжээнд зохицуулах чиг үүрэг бүхий сургалт, судалгаа, арга зүйн байгууллага юм. Иргэдийн насан туршийн буюу тасралтгүй боловсролыг албан бус хэлбэрээр эзэмшүүлэхэд төр, төрийн бус, иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагааг үндэсний хэмжээнд нэгтгэх, насан туршийн боловсролын үйлчилгээ явуулж байгаа 355 төв болон тэнд ажиллаж байгаа боловсон хүчийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэгтэй ч чиг үүргээ биелүүлэхэд хууль эрх зүйн орчин, төсөв мөнгөний хүндрэл зэрэг олон асуудал тулгамдаж байгааг сайдад дуулгалаа.

Монгол Улсын 3.2 сая иргэнийг хөгжүүлэх, соён гэгээрүүлэх, насан туршдаа суралцах боломжийг олгох, багш нарыг чадавхжуулах чухал чиг үүрэг байгууллага болов ч үүнд чиглэсэн санхүүжилт байхгүй гэлээ. Орон нутаг дахь насан туршийн боловсролын төвүүдэд боловсрол нөхөн олгох дүйцсэн хөтөлбөрийн сургалтад хамрагдагсдын хувьсах зардлаар санхүүждэг байна.

Цаашид хууль, эрх зүйн орчны өөрчлөлт, дэлхий нийтийн насан туршийн боловсролын чиг хандлага, бололцоог судлан танилцуулахыг тус төвийн захирал Л.Болортунгалагт үүрэг болгож, яамны зүгээс тодорхой асуудлууд дээр дэмжлэг үзүүлнэ гэлээ.

<

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.