Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг арваннэгэн сарын 25-ны өдөр хүртэл хаана

2019-03-15 Мэдээ, мэдээлэл


Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн хамгийн их ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ бүхий авто зам болгон өргөтгөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн.

Энэ дагуу одоо ашиглаж байгаа хоёр эгнээ авто замыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг ирэх сард эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Энэхүү авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг эхлэхтэй холбогдуулан Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг ирэх сарын 25-аас арваннэгдүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хааж, авто замын дагуух Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн сумдын зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг одоо ашиглаж буй авто замын дагуу газрын нөхцөл байдалтай уялдуулан түр замыг гарган зорчуулахаар шийдвэрлэлээ.

Мөн хойд бүсийн Хөвсгөл, Булган, Орхон аймгуудын зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Булган-Дашинчилэн-Лүн гэсэн чиглэлээр Улаанбаатар хот руу нэвтрүүлэхээр болсон байна.

Шинээр барих хоёр эгнээ авто замын хөрөнгө оруулалтыг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр шийдвэрлэхээр болж, тус банкны зээлийн журмын дагуу бэлтгэл ажлыг гүйцэтгэж байгаа аж.

Зам, тээврийн хөгжлийн яам нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Олон улс, хот хоорондын болон орон нутгийн чанартай авто замын сүлжээн дэх хатуу хучилттай авто замыг өргөтгөж, бүх аймгийн төвийг нийслэл хоттой, хатуу хучилттай авто замаар холбож дуусгах, Мянганы замын хэвтээ тэнхлэгийн хэсгийг үргэлжлүүлэх” зорилтын хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа юм. Энэ онд баруун таван аймгийн төвийг нийслэл хоттой, хатуу хучилттай авто замаар холбох зорилтын хүрээнд нийт 123 төсөл, арга хэмжээний 2559.7 км авто замын бүтээн байгуулалт болон их засварын ажил, 23 байршилд 1719.3 у/м төмөрбетон гүүр, хоолойн байгууламж, их засварын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: ЗТХЯ

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.