Тэр бол БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор цол хүртсэн хамгийн сүүлчийн генерал. Түүнийг Б.Пүрэв гэдэг. Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн. Есөн настайдаа ардын сургуулийн босого алхаж, долдугаар анги төгсөх жилдээ Худалдааны техникумд элсэн орж төгсөөд нягтлан бодогч болсон. Түүний энэхүү замналыг цаг хугацаагаар хэмжвэл Ерөнхий боловсролын аравдугаар анги төгсөж буйтай дүйх юм.
Ийнхүү шинэхэн нягтлан бодогч Улсын их дэлгүүр шинээр нээгдэх үед тооцооны нягтлангаар ажил, амьдралын анхны гараагаа эхэлж, шат ахисаар 1961 оны зургадугаар сараас 1964 оны дөрөвдүгээр сар хүртэл нягтлан бодогчоор ажиллажээ. Ингээд 1965 онд Намын төв хорооны Улс төрийн товчооны өмч хамгааллыг сайжруулах тухай 365 дугаар тогтоол гарч Улсын цагдан сэргийлэх ерөнхий газар Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцдэг өмчийн хэлтэс гэж шинээр байгуулагдах үед түүний амьдралд маш том өөрчлөлт гарсан байдаг. Учир нь тэрхүү тогтоолын дагуу Цагдаагийн байгууллагыг санхүү, нягтлан бодох мэргэжилтэй боловсон хүчнээр бэхжүүлэх ажил зохион байгуулж эхэлжээ. Эл ажлын хүрээнд Намын төв хорооны боловсон хүчний илгээлтээр Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газрын 2-р хэлтэст 1965 оны дөрөвдүгээр сарын 28-нд бага дэслэгч цолтой, жинхэнэ төлөөлөгчөөр томилогдон ажиллахаар болжээ. Эх орон түүнийг ингэж л дуудсан түүхтэй.
Харин Б.Пүрэв энэхүү хариуцлагатай ажлаа эзний ёсоор гүйцэтгэж, төр засагтаа үнэлэгдэн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор цол хүртсэн хамгийн сүүлийн генерал болсон юм. Эл үеэс хойш генерал гэх эрхэм цолыг Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог болсон.
…Нийгэм цаг үе өөрчлөгдсөн, ардчилсан хувьсгалын анхны жилүүдэд цагдаагийн байгууллагын генералуудын эгнээнд бас нэгэн эрс шийдэмгий, их үйлсийг бүтээгч, цагдаагийн алба хаагч бүрийн бахархал болсон эрхэм хүмүүн томилогдсон нь хошууч генерал Баастын Пүрэв юм. Тэрээр 1990 оны дөрөвдүгээр сард Цагдаагийн ерөнхий газрын дарга бөгөөд Дотоодын цэргийн командлагчаар томилогдсон байдаг. Ийнхүү 1990 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр тус зөвлөлийн 189-р тогтоолоор хошууч генерал цол хүртсэн байна.
Энэ талаар Монгол Улсын гавьяат хуульч, хошууч генерал, хууль зүйн шинжлэх ухааны доктор Баастын Пүрэв “Би сайд нарын зөвлөлийн тогтоолоор генерал цол хүртсэн бараг сүүлчийн хүн. Яагаад ингэж хэлж байна гэхээр миний дараа дайнд тулалдаж явсан хоёр партизанд өгсөн юм” гэж дурсан ярьсан юм.
Мөн тэрээр “Цагдаагийн байгууллагын ажил нь нийгмийн дандаа сүүдэртэй талд нь явдаг хүнд ажил. Гэхдээ их хийморьтой, цог золбоотой, эр хүн хийвэл хийсэн шиг хийх ёстой сайхан ажил шүү дээ. Хийморьтой сайн эр хүн цагдаагийн ажил хийхээрээ гялалзтал сайн явдаг юм. Хааяа нэг унжгар, эсвэл муу эр дайнд хөөрнө гэгчийн хүмүүс орохоороо цагдаагийн нэрийг баллачихдаг юм. Тийм хүн нь аз болоход тун цөөхөн юм даа. Байгууллага нь өөрөө дэг журамтай, сахилга сайтай учир хүнийг их сайхан хайрцаглаж авдаг. Цагдаагийн байгууллагатай нэрээ холбосон нь миний амьдралд тохиолдсон том аз завшаан гэж би тооцдог. Миний аав төрийн байгууллагын хамгийн доод албан тушаалтан сумын зарлага олон жил хийсэн хүн.
Цагдаагийн байгууллагатай нэрээ холбосон нь манай үе удмын түүхэнд сайхан үйл явдал. Би Урианхан овогт Баастын Пүрэв. Гэтэл одоо аавын минь нэрээр биш Цагдаагийн Пүрэв гэдэг. Тэгэхээр цагдаа гэдэг нэрийг сонсохоор би аавынхаа нэрийг сонссон юм шиг болдог” гэж бахархан ярьж сууна.
2024-12-18
2024-12-18
2024-12-17
2024-12-13
2024-12-13
87417
30648
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.