Мөсөнд авиралтын “Дэлхийн цом”-ын төлөө “Сутайн бор” клуб тамирчнаа илгээжээ

2019-02-21 Мэдээ, мэдээлэл

Олон Улсын уулчдын Холбоо /UIAA/-ны мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах VI цуврал буюу энэ оны отгон цуврал тэмцээн АНУ-ын Колорадо муж, Денвер хотод энэ сарын 22-24-ний өдөр болно.

Уг тэмцээнд оролцохоор Монголын уулчдын үндэсний холбоог төлөөлж Говь-Алтай аймаг, Тонхил сум, Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубын тамирчин, Мөсөнд авиралтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Монгол улсын хошой аварга, ОУХМ Н.Хэрлэн оролцохоор морджээ. Тэмцээнд нийт 16 орны 68 тамирчин оролцох мэдээлэл иржээ.

Тэрбээр спортын мастер Х.Нямдоо, Монголын хүндийн өргөлтийн холбооны ерөнхий дасгалжуулагч, ОУХМ Ц.Хосбаяр нарын удирдлага дор бэлтгэл сургуулилт хийсэн байна.

Денвер хот өөрийн Цэцэрлэгт хүрээлэн /Civic Center Park/-д анх удаа энэхүү нэр хүндтэй тэмцээнийг хүлээн авч байгаа аж. ОУУХ/UIAA/-той American Alpine Club хамтран ажиллах юм. АНУ-ын Колорадо муж бол мөнх цаст уултай нутаг юм.

Дашрамд дуулгахад, ОУХМ Н.Хэрлэн АНУ-ын цувралын дараа ОХУ-ын Москва хотод энэ сарын 26-нд хүрэлцэн ирэх бөгөөд улмаар Киров хотод ДАШТ-ий бэлтгэл хийнэ. Мөсөнд авиралтын 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Киров хотноо ирэх гуравдугаар сарын 8-10-нд болох юм. ОУХМ .Н.Хэрлэн МУҮХ-ны баг хамт олонтой нэгдэн дэлхийн шилдгүүдтэй нутгийнх нь дэвжээн дээр өрсөлдөнө.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.