АТГ-аас нэр бүхий зургаан шүүгчийг шалгаж эхлэв

2019-02-15 Мэдээ, мэдээлэл

Нэр бүхий зургаан шүүгчид АТГ-аас энэ сарын 13-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээр хэрэг бүртгэлийг нээжээ. Тодруулбал, эдгээр шүүгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэж мөрдөн байцаагчид үзэж байгаа аж. Тиймээс холбогдох хэрэг бүртгэлд гэр бүлийн гишүүдийнх нь нэр дээрх хөрөнгийн эх үүсвэрийг тодруулах шаардлагатай болжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар нэр бүхий шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлсэн гэв. Харин прокурорын байгууллагаас уг саналыг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлж шүүгч нарын эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдэхээр Шүүхийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан байдаг байна.

Өөрөөр хэлбэл, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаар шийдвэр гаргасны дараа нэр бүхий зургаан шүүгчийг АТГ-аас үргэлжлүүлэн шалгах юм.

Дашрамд дуулгахад, дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нарын зургаан шүүгчид АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс ийнхүү шалгах хүсэлт гаргаж байгаа юм.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.