Хөдөлмөрчин ардынхаа өр ширийг “хөмрөөд” шидчих боломж байна

2019-02-14 Нийгэм

Сондгой өнцөг

Мөрөөдөхөд мөнгө төлөх биш. Надад нэг сайхан санаа байна. Гэхдээ хэн нэгэн чадварлаг лидер энэхүү ажлыг толгойлж, нэгдсэн зохион байгуулалтад оруулж чадвал бүтэхгүй гэх шалтгаан үгүй. Өнөөдөр Монгол Улсад баян, хоосны ялгаа дэндүү заагтай болчихлоо. Хэт баячууд нь газар онохгүй, дэндүү ядууст нь дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг нь болж байх шиг. Харин дундаж амьдралтай иргэд нь цалингаас цалингийн хооронд хоёр идэж, хоосон хонохгүй л байна. Хамгийн гол нь өр зээлгүй жирийн, ажилчин иргэн гэж үгүй болж. Монгол банкнаас гаргасан тоон үзүүлэлт иргэд зээлнээс зээлийн хооронд тарчилж байгааг тодотгож буй юм. Өнгөрөгч оны эцсийн байдлаар иргэдийн зээлийн үлдэгдэл 8.9 их наяд төгрөгт хүрч 2017 оноос даруй 35 хувиар өссөн байна.

Тэгэхээр олны хүч оломгүй далай гэж. Нэг нэгээрээ өрөнд баригдаж, эд эсээ үхүүлж суухаар төв банкинд бүртгэлтэй, албан ёсны 8,9 их наяд төгрөгийн зээлээ олноороо мөнгөө нийлүүлээд, төлчих боломж байна.

Яаж гэж үү… Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаанаас ногдол ашиг хүртээнэ гээд иргэн бүр данс нээлгэж 5000 төгрөг хураалгаад байгаа. Одоогийн байдлаар хоёр сая иргэнээс тус бүр 5000 төгрөг гээд эдүгээ 10 тэрбум төгрөг болсон мэдээтэй. Яг л энэ жишгээр “Ард түмний өр барагдуулах” алба байгуулаад нэг иргэнээс 5000 төгрөг татая. Тэгээд л гадны нөлөөгүй банкинд зээл тавьж, амь амьдралаа залгуулж буй хэдэн хөдөлмөрчин ардынхаа өрийг төлчихье л дөө, яагаад болохгүй гэж…

 

 

 

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.