ЦЕГ: Энэ хэрэг дээр хүнийг санаатай алах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэх саналыг прокурорт тавьсан

2019-01-25 Мэдээ, мэдээлэл

Хэвлэлийн бага хурал

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь, хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг нас барсан хэрэг энэ сарын 22-ны өдөр гарсан. Талийгаач өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус цэргийн ангид татагдан очсон байжээ. Тэрээр 19 настай байсан юм. Олны анхааралд байгаа, хүний амь нас хохирсон энэхүү хэргийн талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас мэдээлэл хийв.

Энэ талаар Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал “Өчигдрийн байдлаар хохирогчийн бие дээрх улайлт зөрүүтэй байгаа нь иргэдийн анхаарлыг маш их татсан. Тиймээс Дорноговь аймагт шалгагдаж байгаа хэргийн материалыг татаж шалгасан. Үүн дээр эргэлзээтэй асуудлууд байна лээ. Өчигдөр яагаад гэмтэл шархгүй гэж мэдээлсэн бэ гэдэг тухайд, мөрдөгч цогцост үзлэг хийхдээ шинжээч болон хүний эмчийг оролцуулдаг. Дорноговь аймагт хийсэн шинжээчийн дүгнэлт дээр гаднаа ил гарах шархгүй гэж бичигдсэн байсан. Харин зурган дээр байгаа хүрэн толбо зэргэлдээ байгаа зулгаралтууд гадны нөлөөтэй юу үгүй юу гэдгийг нягталж, бүрэлдэхүүнтэйгээр шинжээч томилон дахин үзлэг хийхээр зохион байгуулалт хийгээд байна.

Тухайн өдөр цэргийн ангид юу болсон талаар мэдүүлэг аваад шалгаж байгаа. Шалгалтын явцад цэргийн албан хаагчид нэг нэгэндээ гар хүрсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа. Энэ нь цэргийн алба хаагчийн амь нас хохироход нөлөөлсөн эсэхийг мөрдөгчийн тогтоолоор шинжилгээний байгууллага тусгай мэдлэгийнхээ хүрээнд, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргаж, шалгалтын ажиллагаа цаашаа явагдана.

Шалгалтын ажиллагаа дөнгөж эхэлж байна. Цэргийн ангид дэг журам зөрчигдсөн, үүнээс улбаалаад тухайн цэргийн алба хаагчдыг хариуцсан ахлагч ротын захирагчид танилцуулсан, зөрчилтэй байдалтай холбогдуулан цэргийн алба хаагчдыг гаргаж, ангийн хашаанд бэлтгэл сургуулилалт хийлгэсэн гэх тайлбар тавьж байгаа.

Дээр дурьдагдсан явцын зарим хэсэг дүрс бичлэгт үлдсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бичлэгийг хурааж авсан. Бичлэгт ээлжийн ахлагч цэргийн алба хаагчид гар хүрч байгаа бичлэг бий. Чухам яг ямар үйлдэл хийж байгаа талаар одоохондоо мэдээлэх боломжгүй байна. Тэр үйлдэл хохирогчийн амь нас хохироход хүргэсэн үү гэдгийг нягтлаад та бүхэнд мэдээлнэ.

Энэ хэрэг дээр хүнийг санаатай алах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэх саналаа прокурорт тавьсан. Холбогдож байгаа цэргийн алба хаагчдыг цагдан хорих асуудлыг мөн прокурорт тавиад байгаа.

Дүгнэлт урьдчилсан байдлаар гараагүй. Цогцост эхлээд үзлэг хийгдсэн. Үзлэгийн тэмдэглэлд гаднаа ил харагдах шархгүй гэж бичсэн л асуудал байгаа юм” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.