20-22 насны залуус мансууруулах төрлийн өвс хэрэглэсэн байж болзошгүй гэв

2019-01-11 Мэдээ, мэдээлэл

 

Баянзүрх дүүргийн зургаадугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг зочид буудалд “залуус өвс татаад байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад 2018 оны нэгдүгээр сарын 8-ны 20.00 цагийн орчимд иржээ.

Дуудлагын дагуу цагдаа нар шуурхай шалгалт хийхэд тус зочид буудлын 203 тоот өрөөнд гурван залуу мансуурсан байсныг илрүүлэн, таслан зогсоожээ. Хэрэгт холбогдсон этгээдүүд нь 20-22 насны залуус байсан бөгөөд мансууруулах төрлийн өвс хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон. Мөн хэргийн газраас хэрэглэж байсан эд зүйлсийг хураан авч шинжээч томилох ажиллагааг явуулжээ.

Дашрамд өнгөрсөн онд улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 199 хэрэгт 412 хүн холбогдон шалгагдсан байна. Үүнээс эрэгтэй 337, эмэгтэй 75 ба уг гэмт хэргийг насны байдлаар авч үзвэл 82,5 хувь нь 18-35 насны залуучууд эзэлж байгаа аж.

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.