Томуугийн H1N1 вирусын халдвар шинээр илэрчээ

2019-01-8 Амрах агшин

Сүүлийн 10 хоногт улирлын томуугийн буюу А хүрээний вирус илэрч байгаа талаар ЭМЯ мэдээлсэн юм. Энэ нь хүндрэл ихтэй бөгөөд, ялангуяа бага насны хүүхдэд хатгалгаа болох магадлал өндөртэй байгаа юм байна. Тандалтын 52 дугаар долоо хоногт 74 сорьц шинжлэхэд хүн амын дунд томуугийн A (H1N1)pdm09, A (H3N2) дэд хэвшинжийн вирус тус тус илэрчээ.

Хүүхдийг 38.5 ба түүнээс дээш хэмээр халуурвал эмчийн зөвлөснөөр халуун бууруулах эм өгөх нь зүйтэй. Гэвч олон улсын нэршил нь нэг боловч үйлдвэрлэгч байгууллагуудын өөр өөр нэршилтэй эмийг олон дахин авах, хүүхдэдээ өгөх явдал гарч байгааг анхаарах хэрэгтэй.

Томуугийн үед хавсарсан эмгэггүй хүүхдийн дархлааг дэмжсэнээр эмчлэгддэг тул ямар нэг антибиотик өгөх шаардлагагүй. Мөн томуугийн эмчилгээ 5-7 хоног хийгдэж байгаа бөгөөд энэ хугацаанд бүрэн эдгэрсэн гэж үзэх нь буруу юм байна. Эмчилгээ хийлгэсний дараа олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байх, дулаан хувцаслах, амин дэмээр баялаг хүнс хэрэглэж байхыг эмч нар зөвлөж байна. Хэрэв эмчилгээний дараа хүүхдэд амьсгаадах, цээж хонхолзох зэрэг шинж тэмдгүүд илэрвэл даруй эмнэлэгт хандаарай.

Сонгомол H1N1 вирусын халдвар маш хурдан хугацаанд уушгины хатгаа өвчнийг үүсгэдэг.

Вирусуудын онцлогийг хүмүүст хэлж ойлгуулах нь зүйтэй.

А дэд хэвшлийн H1N1 вирус – 38-40 хүрч халуурах, нүдний салст үрэвсэх, уушгины хатгаа үүсгэх
Амьсгалын замын синцитиаль вирус – Халуурахгүй ханиалгах, хоолой өвдөх, нусгайрах шинж тэмдэг илэрч, уушгины хатгаа, бөглөрөлт, гуурсан хоолойн багтрал үүсгэж, амьсгалын дутагдалд оруулдаг.
Риновирус -Хамар, залгиурын үрэвсэл үүсгэж, хамраас нус гарах, найтаах зэрэг шинж тод илэрнэ.
Короновирус -Ханиадны шинж тэмдэг бага илэрч байгаад уушгины хатгаа үүсгэнэ.
Бокавирус- Ерөнхий хордлогын шинж тод илэрч, залгиур улайна, цэртэй ханиалгаж хатгаа үүсгэнэ.
Аденовирус- Нус гоожих, толгой өвдөх, гүйлгэж суулгах шинж илэрч, хатгаагаар хүндэрч, ходоод гэдэсний замын үрэвсэл үүсгэнэ.
Томуугийн В дэд хэвшинжийн вирус -Халууралт өндөр, хордлогийн шинж тэмдэг түлхүү илэрнэ. Хурдан хүндэрч, уушгины хатгаа болно. Удаан хугацаагаар цэртэй ханиалгана.
Реновирус хамар залгиурын үрэвсэл үүсгэдэг бол сонгомол H1N1 вирусийн халдвар маш хурдан хугацаанд уушгины хатгаа өвчнийг үүсгэдэг.

Шинэ жилийн дараах сүүлийн дөрөв хоногт эмнэлэгт хэвтэх хүүхдийн тоо эрс нэмэгдсэн. Шалтгаан нь бага насны хүүхдийг айл, олон нийтийн газраар их авч явсан нь халдвар тараах нэгдүгээр үндэслэл. Хоёрдугаарт, шинэ жилийн дараа насанд хүрэгчид олноор томуугаар өвчилсөн.

Хүүхдээ цэвэр агаарт гарга гэж эмч, мэргэжилтнүүд их зөвлөдөг. Агаарт гаргаад хүүхдээ дааруулж, хөлөргөснөөс бага насны хүүхэд уушгины хатгаагаар хүндрэх тохиолдол нэмэгдлээ.

Уушгины хатгалгаагаар хүндрэхээс сэргийлэх зөвлөмжийг Б.Бат-Амгалан эмч зөвлөж байна. Тэрбээр, Томуугийн тархалт ихсэх хандлагатай. Голдуу А хүрээний H1N1 вирусийн тархалт түгээмэл байна. Бага насны хүүхдүүд өндөр халуурч, халуурснаас таталт өгөх, өвчин хүндрэх зэрэг хүндрэл их гарч байна.

Томуугаар 0-2 насныхан голдуу өвдөж байна. 3-аас дээш насныхан томуугаар өвчилж, дээр нь төвөнхийн бачууралд болж хүндрэх тохиолдол их байна. Хүүхэд өвдсөн тохиолдолд хүүхдийнхээ халууныг тогтмол хянаж, 38.5-аас дээш халуурвал халуун бууруулах эмийг уулгах, шингэн сайн уулгах хэрэгтэй.

Хүүхдээ өвчлөхөөс сэргийлэх тал дээр эцэг эхчүүд онцгой анхаарч, олон нийтийн газраар авч явахгүй байхыг зөвлөе. Хүүхдийг цэцэрлэгт нь явуулахдаа амны хаалт зүүлгэж заншмаар байна.

Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүгийн эмнэлгүүд гэр хороолол ихтэй учир хамгийн их ачаалалтай байна.

Эрүүл мэндийн яамнаас байнгын хяналт, анхаарал тавьж, шаардлагатай эм тариагаар хангаж байгаа. Одоогоор эмнэлгүдэд дутагдсан эм тариа байхгүй гэж ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл мэдээлэв

RSV, паравирус, энтеровирусын халдвар давхар явагдаж өвчлөлийн явц түргэн хүндрэх хандлагатай байна.

Иймд эмнэлгийн байгууллагаас өгч буй зөвлөмж зөвлөгөөг дагаж томуугийн халдвараас сэргийлээрэй.

– Амны хаалт маскыг гадуур явах, эмнэлэгээр үйлчлүүлэх бүрдээ хийх (ханиадтай бол заавал хийх)
– Бага насны хүүхдийг гадуур авч явахгүй байх, Олон нийтийн, хүн ихээр цугларсан газар очихоос зайлсхийх
– 0-6 сартай хүүхэдтэй айлд зочлохгүй байх, зочин хүлээж авахгүй байх, бага насны хүүхдийг гадны хүнд үнсүүлэхгүй байх
– Хүүхэд асрахын өмнө заавал гараа угаах
– Бүх хүн дархлаагаа дэмжих (даарахгүй байх, илчлэг чанартай хоол идэх, дулаан хувцаслах, дасгал хөдөлгөөн хийх)
– Халуун аарц, аньс, чацаргана, нэрс уух
– Гадагшаа гарсан хүн бүр гэртээ орж ирэхдээ ам хамар хоолойгоо давс, содтой уусмалаар зайлах, гараа савандаж угаах
– Цэвэр агаарт гарах
– Чийгтэй цэвэрлэгээ сайн хийх. ариутгал (халдваргүйтгэлийн бодис байнга ашиглах)
– Зөвхөн эмчийн зааврын дагуу эм уух гэсэн заавруудыг чанд дагаарай

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.