Бразилийн найман сайд, парламентын хэд хэдэн гишүүн асар том авлигын сүлжээ хэрэгт холбогдсон нь дуулиан дэгдээлээ. Хэрэгт холбогдогсдын дунд хууль тогтоогчид, Засгийн газрын гишүүдээс гадна Ерөнхийлөгч Мишель Тимерийн Тамгын газрын дарга, Рио де Жанейро хотын захирагч, дөрвөн экс Ерөнхийлөгч гээд улс төрийн нөлөө бүхий эрхмүүд байгаа гэнэ. Тухайлбал, дуулиантайгаар суудлаасаа огцорсон Дильма Руссеф, түүний өмнөх Ерөнхийлөгч Луйц Инацио Лула да Сильва болон 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр зэхэж байсан улстөрчид ч байгаа аж.
Эдгээр улстөрчдөд нийтдээ нэг тэрбум ам.долларын авлига өгснөө “Odebrecht” хэмээх барилгын компанийн ажилтан мэдүүлсэн байна. Гэхдээ энэ нь ганц барилгын компани холбогдсон хэрэг биш бөгөөд гурван жилийн өмнөөс шалгаж байгаа төрийн өмчит, газрын тосны “Petrobas” компанийг тойрсон авлигын хэргийг шалгах явцад илэрсэн зөвхөн багахан хэсэг нь юм. “Odebrecht” компани нь төрийн өмчит “Петробас” компанитай зах зээлийн бодит өртгөөс хэт өндөр үнээр гэрээ байгуулж, ажил гүйцэтгэхийн тулд улстөрчдийг хахуульддаг байсан аж.
Бразилийн Дээд шүүхээс “Петробас”-ыг тойрсон авлигын хэрэгт холбогдсон 108 хүний нэрийн жагсаалтыг зарласан юм. Хэргийг шалгах явцад төрийн өмчит компанийн мөнгийг хэрхэн улстөрчдийн халаас, улс төрийн намын данс руу оруулдаг байсан нь тодорхой болж, бразильчуудын дургүйцлийг ихээр төрүүлж байгаа юм.
Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь ийнхүү хуулийн байгууллагаар шалгагдаж эхэлснээр Ерөнхийлөгч Тимерийн кабинет эдийн засгийг хямралаас гаргах хөтөлбөрөө парламентаар батлуулж чадахгүйд хүрч магадгүй гэлцэж байна.
Б.Номун
2024-11-7
2024-11-7
2024-11-6
2024-11-6
2024-11-6
2024-11-5
87338
30305
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.