АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөл мэдээлэл хийлээ

2018-11-30 Мэдээ, мэдээлэл

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс хэвлэлийн хурал зарлаж, 60 тэрбумын хэрэгтэй холбоотойгоор зохион байгуулсан хэлэлцүүлгийн дүгнэлтийг танилцууллаа.

Г.Баасан: 60 тэрбумын хэргийг илэрдэг шат дараатай ажилласаар байна

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс 60 тэрбумын хэрэг яагаад шийдэгдэх байна вэ, шийдэгдэхгүй байхад М.Энхболд нөлөөлж байна уу, шийдэгдэхгүй удсанаар Монгол Улсын дархлаа суларч, түүний үр дагавар нийгэмд ямар муугаар тусч байна вэ гэдэг асуудлыг хөндөж хэлэлцүүлэг явуулсан. Хэлэлцүүлгээр 60 тэрбумын хэргийн шүүхийн шинжилгээний дүгнэлт юу гэж гарав, прокуроор яаж хандсан, Эрүүгийн хэргийн ямар зүйл заалтаар зүйлчлэгдсэн гээд олон талаас нь хөндсөн.
-Хэлэлцүүлгээр ямар дүгнэлтэд санал нэгдсэн бэ?
-Энэ хэрэг өөрөө Эрүүгийн хэргийн 19.2 – оор зохицуулагдсан “Төрийн эрхийг хууль бусаар авсан”, Үндсэн хуулийн 3.2-т заасан “Төрийн эрхийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглосон” гэсэн энэ заалтуудыг зөрчсөн байх магадлал өндөр байна.
-Яагаад магадлал өндөр гэж үзсэн юм бэ. Яг ямар үндэслэл байна вэ?
-Энэ асуудалд холбогдсон хүмүүс өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байдаг. М.Энхболд ч өөрөө намынхаа хурал дээр уучлалт хүссэн. Тэр хүн өөрөө алдаа дутагдал гаргаагүй бол уучлалт хүсэх учиргүй. Тиймээс 60 тэрбумын хэрэг яах аргагүй болсон гэмт хэрэг байна гэдгийг оролцсон хүмүүс нотолсон, дээр нь гэрч байгаа. Мөн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс, Нийслэлийн прокророос энэ уулзалт болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Дахиад төрийн өндөр албан тушаалтангууд 60 тэрбумын хэрэг эвлүүлэг биш гээж хүлээн зөвшөөрсөн байдаг. Хамгийн сүүлд төрийн эрх барьж байгаа намын дарга хүртэл үнэн гэж зөвшөөрч байна.
-АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс хийх дараагийн ажил юу байх вэ?
-Тэгэхээр энэ мартаж ч болохгүй, давтаж ч болохгүй 60 тэрбумын хэрэг бол Монгол Улсын хувь заяаны асуудал юм. 2016 онд 60 тэрбумаар авсныг зогсоохгүй бол 2020 онд 120 тэрбум болно. Цаашид 2024 онд хэд ч болохыг мэдэх аргагүй тоо юм. Энэ гэмт хэргийг нэг тийш нь шийдээгүй тохиолдолд дараагийн гэмт хэргийг илрүүлэх боломжгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тиймээс 60 тэрбумын хэргийг илэрдэг шат дараатай ажилласаар байна.
Иргэд Төрийг дэлгүүр, төрийн өмчит компанийг гуанз, хууль хяналтын байгууллагыг авлигалчдын хамгаалалтын алба болсон байна гэж хардаг болж. Энэ асуудлыг шийдээгүй учраас тэр. Саяхан ЖДҮХС-ийн зээлийн хэрэг мандлаа. 60 тэрбумын хэргийг шийдээгүй цагт асуудал муугаар хөврөхийн нотолгоо нь ЖДҮХС-ийн зээл юм.

Э.Батсуурь: 60 тэрбумын хэрэгт хуулийн хамгаалалт ажиллаад байна гэж хардаж байгаа

60 тэрбумийн хэргийг  хурдан хугацаанд шударгаар шийдэх ёстой. Бичлэг хийсэн тэр өрөөнд дөрвөн хүн байсан сонсогддог. Хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн хүн нь тухайн үед Нийслэлийн МАН-ын дарга байсан Ц.Сандуй. Түүний өгсөн ярилцлагаас үзэхэд “МАН сонгуулийнхаа арга тактикийг ярьсан, тэр бичлэг хулгайд алдагдсан” гэж их эмгэнэлтэйгээр хүлээн зөвшөөрсөн байдаг. Үндэсний хэмжээний том намын сонгуулийн арга тактик нь төрийн албан тушаалыг зарах юм бол улс төрийн намын хөгжил, дэвшил, бодлого чиглэл хаашаа яваад байна вэ. Энэ нь нэг эмгэнэл юм аа.
Хүлээн зөвшөөрсөн хоёр дахь хүн нь Ганбаатар. Тийм яриа болсон гээд болсон газраа хэлдэг. Гэхдээ М.Энхболд дарга байгаагүй гэж ярьсан. Бичлэгний дуу хоолойноос сонсоход гуравдагч оролцогч нь М.Энхболд дарга мөн л юм шиг сонсогддож байсан. Тэрийг хууль хяналтын байгууллага нягталж тогтоох ёстой.
Дөрөвдөгч оролцогч болох зураг авч, бичлэг хийсэн хүн цаг хугацаа, болсон газрыг гэрчилдэг. Тэр нь Ганбаатарын хийсэн хэвлэлийн хурлаар хэлсэн мэдээлэлтэй таардаг. Мөн энэ хэргийг тухайн үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга, одоогийн намын дарга , Хууль зүйн сайдаар 5 удаа сонгогдож байсан хашир хуульч бас гэрчилсэн байдаг. Ийм илэрхий хэрэг илрэхгүй гацаад байхаар хуулийн хамгаалалт ажиллаад байна гэж хардаад байгаа юм. Тиймээс үүнийг маш яаралтай шийдэх хэрэгтэй.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.