СИМОН ДӨ БОВУАР “ХОЁРДУГААР ХҮЙСТЭН” (1949)

2019-11-11 Амрах агшин
 “Бид эхээс эмэгтэй хүн болж төрдөггүй, харин цэвэр ухамсар биднийг эмэгтэй хүн болгодог” / Симон дө Бовуар /

“Бид эхээс эмэгтэй хүн болж төрдөггүй, харин цэвэр ухамсар биднийг эмэгтэй хүн болгодог” / Симон дө Бовуар /

Францын эмэгтэй зохиолч Симон дө Бовуарын “Хоёрдугаар хүйстэн” хэмээх ном нь ХХ зууны феминизмийн ариун судар болсон гайхалтай бүтээл хэмээн үнэлэгддэг юм.

Эмэгтэй хүн яагаад дандаа хоёрдогч байдгийг экзинциалист философийн үүднээс эргэцүүлж ХХ зууныг шуугиулсан “Le deuxieme sexe” буюу Хоёрдугаар хүйстэн хэмээх уг зохиол анх 1949 онд бичигджээ. Эмэгтэй хүнийг биологи, анагаах ухаан, түүх, домог, антропологи, психологи, психоанализ, нийгмийн гарал үүсэл, шашин шүтлэг, бэлгийн чиг хандлага, философийн ойлголт зэрэг маш олон талаас нь гүн гүнзгий шинжлэн үзсэн бүтээл гэж хэлж болно.
Тэрээр эмэгтэй хүнд ертөнц дээр хүмүүн болон мэндэлснийхээ утга учрыг ойлгох ойлголт хялбар бус байгааг сануулаад эмэгтэй хүн заавал эхнэр болж дарагдах нөгөө талаас эх хүний үүрэг гүйцэтгэх түүний хажуугаар ажил хийж эдийн засгаа тооцох гэх мэт хоорондоо зөрчилтэй амьдралаар амьдарч байхад үүнийгээ үл анзааран дарлагдсан хоёрдогч этгээд байсаар байгаа нь өөрсдийнх нь “сул” тал хэмээн үзсэн байна. Мөн эмэгтэйчүүдийг эмэгтэйчүүд л хүмүүжүүлж, хүүхэд нас нь эмэгтэйчүүдийн дунд өнгөрдөг явдал нь нэгэн сөрөг талтай. Энэ нь эр хүнээс хэт хамааралтай болгож улмаар гэрлэлт, хүүхэд төрүүлэх нь тэдний цорын ганц хувь тавилан мэт санагдуулна. Үүний эцсийн үр дүн нь эмэгтэйчүүд нийгмийн амьдралаас хол зогсож, давамгай байдалтай эр хүний хажууд хоёрдогч этгээд болдог хэмээн дүгнэжээ.


Түүний үзэл бодол төлөвших нөхцөл нь эцэг Жорж Бертнандаас улбаатай байлаа. Хүүхэд байхын л эрэгтэй хүүхэд шиг хэмээн цоллуулж явсан “эршүүд” Бовуар чинээлэг нэгэн гэр бүлд төрж улмаар элитүүдийн суралцдаг их сургуульд суралцжээ. Энэ нь түүнийг тухайн үеийн эмэгтэйчүүдийн хувьд “хөндлөнгийн” хүн болон төлөвшихөд нөлөөлсөн байна. Уг чанар л түүний үзэл санааны аминс сүнс буй заа.


“Эмэгтэй хүн байна гэдэг яг юу гэсэн үг вэ ? Эрчүүдээс юугаараа ялгаатай вэ ? хэмээх асуултууд миний толгойг эзэгнэнхэн төрдөг байлаа. Үүнд би ядах юмгүй хариулчихна гэж эхэндээ бодлоо. Гэтэл уг асуудлыг анхааралтай авч үзэх явцад л би энэ ертөнц зөвхөн эрчүүдэд зориулагдсан гэдгийг ойлгосон. Эрэгтэй хүн өөрийгөө эмэгтэй хүнгүйгээр бодож, төсөөлж чаддаг, харин эмэгтэй хүн өөрийгөө эр хүнгүйгээр бодож төсөөлж чаддагүй. Эрэгтэй хүн бол субьект бас үнэмлэхүй зүйл, харин эмэгтэй хүн бол нөгөөх нь. Энэ бол гашуун үнэн. Үнэн зүйл чихэнд ямагт муухай сонсогддог…”/ Хоёрдугаар хүйстэн, Симон дө Бовуар /
С. Дө Бовуар энэ зохиолоороо тухайн үедээ ихээхэн дуулиан тарьж, хэл аманд орж, гүтгүүлж, доромжлуулж, хамгийн ихээр үзэн ядагдсан бас хамгийн ихээр хайрлагдсан зохиолч болсон гэдэг. Гэхдээ тэр эмэгтэйчүүдийг гутаан доромжлохдоо биш бас тэднийг буруутгахдаа биш харин эмэгтэй хүний бодит байдлын талаар бага ч болов ухаж гаргаж ирэхийг хичээсэн юм. Хэдийгээр энэхүү ном нь нэг жараны тэртээ, европын түүх соёлын өвд тулгуурлан бичэгдсэн боловч өнөөг хүртэл үзэл санаа, утга чанар, үнэ цэнээ алдаагүй ирсэн нь гайхалтай. Өрнийн эмэгтэйчүүд үүнийг ариун судар мэт уншиж, ухаарч, хүмүүжиж, гэгээрч ирсэн бөгөөд эмэгтэйчүүдийг чөлөөлөх хөдөлгөөний онолын шавыг тавьжээ.

Харин Монголд энэ сэдвээр судлагдсан цогц судалгаа байна уу? Монгол автортай ном байна уу? Өүлэн эхийн удамт хацар гоо ухаант эмэгтэйчүүд хэмээн магтан дуулахаасаа өмнө эмэгтэй хүн гэж хэн бэ? эм хүйс гэж юу вэ? эмэгтэй хүн ба эрэгтэй хүн хоёрын ялгаа юу вэ? Биологийн болон психологийн хувьд ямар ялгаатай вэ? Орчин үеийн Монголын нийгэмд эмэгтэй хүний үүрэг юу вэ? Эх хүний үүрэг юу вэ? Эдгээр асуултууданд хариулж чадсан болов уу? Харамсалтай нь Монгол эмэгтэй хүнийг биологийн болоод психоанализийн талаас нь философийн болоод шинжлэх ухааны үндэстэйгээр даацтай судалсан судалгаа өнөөдөр үгүйлэгдсээр байгаа нь нууц биш билээ.

С. Дө Бовуар философич Жан-Поль Сартртай ханилан 50 жил амьдрахдаа үр хүүхэдтэй болоогүй бөгөөд амьдралаа үр удамд биш зөвхөн оюунлаг хүн төрөлхтөнд зориулсан юм. Хоёрдугаар хүйстэн бол эмэгтэй хүний бодит байдал ба түүнийг “бүтээгч бурханыг” тал бүрээс нь гүн гүнзгий судлан, илэн далангүй, шударга хандсан дэлхий дээрх цорын ганц ном мөн.

Б.Дөлгөөн

 

Өнөөдрийн онч үг

19 минутын өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.