286 дугаар галт тэрэгний зорчигчдод “Ган зам даатгал” ХХК-аас тусламж олгож байна

2018-08-14 Мэдээ, мэдээлэл

 

Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох гэнэтийн хүчтэй аадар борооноос үүссэн үерийн улмаас Улаанбаатар-Сайншандын чиглэлд аялж явсан суудлын 286 дугаар галт тэрэг энэ сарын 12-ны өглөө замаас гарч осолдсон. Тиймээс энэхүү ослын үеэр тус галт тэргэнд зорчиж явсан нийт зорчигчид, цуваанд ажил үүргээ гүйцэтгэж явсан төмөр замын болон бусад холбогдох байгууллагын ажиллагсад тус бүрт 300 мянган төгрөгийн нэг удаагийн тусламж олгохоор “Ган зам даатгал” ХХК шийдвэрлэсэн байна.

Тусламжийг УБТЗ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн зорчигчдын жагсаалтыг үндэслэж олгох аж. Тиймээс тус галт тэргэнд сууж явсан нийт зорчигчид өөрийн зорчих эрхийн тасалбар, иргэний үнэмлэх, албан үүргээ гүйцэтгэж явсан хүмүүс албан байгууллагынхаа тодорхойлолт, ажлын үнэмлэхийн хамт “Ган зам даатгал” ХХК-д хандахыг тус компаниас анхааруулж байна.

Хаяг: Баянгол дүүрэг, Сөүлийн гудамж 45/3, “Одод” цогцолбор-201 тоот

Холбоо барих утас: (21) 242667, (21) 242668

И-мэйл: daatgal@gzd.mn

Осол гарсан өдөр гэмтэл бэртэл авч, төв, орон нутгийн эмнэлэгт хүргэгдэн хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүст дээрх 300.0 /гурван зуу/ мянган төгрөгийн тусламжийг газар дээр нь бэлнээр шуурхай олгоод байна. Үүнээс гадна, энэ ослоос гэмтэл бэртэл авсан зорчигчийн гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөрийг холбогдох материалыг үндэслэн хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаа, хувь хэмжээгээр тооцон олгохоор болжээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.