Ерөнхийлөгчийн ерөөлгүй вальс

2018-08-1 Ерөнхийлөгч

Эр, эмгүй цэргийн алба хааж, эх орныхоо бүтээн байгуулалтад оролцдог болохыг Төрийн тэргүүн уриалав. Нэг цэргийн сарын цалин, хангамж 2 сая төгрөг хэмээн тодотгож, олны шуналыг хөдөлгөх нь тэр. Хөөрхий ядарсан ард түмнийг мөнгөөр бугуйлдаж, шуналыг нь хөдөлгөхөө Төрийн тэргүүн мартаагүй нь энэ. Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт туйлдаж, хөдөлмөрийн насны залуус харийн орныг зорих болсоор удаж байна.

Эрчүүдээ малтайгаа адилтгаж нь нүд, зүсийг нь үзэж, эрүүл саруулыг нь Солонгос руу гаргаж өгснөөр тэндээ ихэнх нь харлаж, эх оронд нь бэлэвсэн эхнэр, өнчирсөн хүүхдүүд л үлдсэн. Харийн орон руу тэр бүр хөөгөөд байх хэцүү тул хөдөлмөрийн насны залуусыг 2 саяар бугуйлдаж, цэргийн албанд явуулах гэнэ.

Цэргийн албанд морьдсон идэр залуус эрүүл мэнд, зарим нь амь насаараа хохирдог болсныг цэргийн алба хааж үзээгүй Ерөнхийлөгч Х.Баттулга хэрхэн мэдэх билээ. Цэргийн албаны энгийн дүрэм нэг удаагийн зодуур, 50-60 минутын “галуун цуваа”, 60, 80, 100 суниах. За тэгээд цаашлаад салаа, ротоороо буу, баг, ОП цувтайгаа 3-5 хоног явах энүүхэнд. Шинэхэн цэргүүд зодуур нэлээн сайн үзнэ, энэ давааг давчихвал амиа тээж, сүүлдээ дараагийн ээлжийг дээрэлхэхэд сайн суралцана. Мэдээж хатуужина, хат сууж, эр хүн болно гэх биз. Гэвч амь насаа алдаж, Батлан хамгаалахын сайдыг хэрхэн барьц алдуулж байсныг эрх биш дуулсан баймаар юм.

Тэгвэл эмэгтэйчүүд хат сууж, хатуужих хэрэг байна уу. Эрчүүдээ хаийн оронд үдсэн тул сэтгэлийн тэнхээтэй байж, хэд гурван төгрөгийн төлөө өөрсдөө зүтгээд хэдийнэ хатуужсан бус уу. Харин үүний оронд Төрийн тэргүүн гуравхан сая хүн амтай Монгол хүн амаа өсгөх бодлого баримтлах учиртай бус уу. Бүсгүйчүүдийг улс эх орондоо хүн нэмж, хүн амаа өсгөх бодлогод уриалан дуудахын оронд цэргийн алба нэртэй хуйгаар нь нэг газар бөөгнүүлж, идүүлж уулган бэлэнчлэх сэтгэлгээнд суралцуулах Төрийн тэргүүний саналыг дэмжмээргүй байна.

Г.Уянга тэргүүтэн шиг танд тал засаж, уриалга бус урхийг хүлээж авахаас татгалзаж байна. Зөвлөхүүдийн тань 2 сая төгрөг сонсоод шунал нь хөдөлж байгаа эсэх нь хамаа алга. Гол нь Со руу үр хүүхдээ өнчрүүлээд явдаг шиг залуучууд тэр мөнгөний сургаар цэрэгт явах л байх. Яваагүй нь эх орондоо хайргүй, бүтээн байгуулалтад хуруугаа ч хөдөлгөдөггүй нөхөд болж үлдэх учраас үг дуугүй явах сонголтыг ч та өгч байгаа бололтой. Ийм хөөрхийлөлтэй, ядруухан сэтгэлгээтэй Төрийн тэргүүнтэй байгаадаа уужим монголчууд бид тайвшрах юм даа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.