Засгийн газар “ДОХ”-д зориулж 500 сая төгрөг төсөвлөдөг

2018-07-23 Эрүүл мэнд

Монголд анх 1992 онд Камеруны хоёр иргэн монгол биеэ үнэлэгч бүсгүйчүүдэд ДОХ/ХДХВ халдааснаар энэ өвчний гинжин урвал эхэлсэн гэдэг. Энэ өвчнөөр өвчилсөн монголчуудын 81 хувь нь дээд, тусгай болон бүрэн дунд боловсролтой, 73.4 хувь нь ажилгүй гэх статистик ч бий.

ДОХ-ыг бүрэн эмчлэх эмчилгээ одоогоор батлагдаагүй ч ХДХВ-ын шатанд эмчлэх, нэгэнт ДОХ-ын халдвар тээгч болсон тохиолдолд тухайн иргэний насыг уртасгах, эрүүл хүүхэд тээж төрүүлэх боломжийг олгоход шаардагдах эм тариаг өндөр хөгжилтэй орнууд үйлдвэрлэх болсон. ДОХ-ын халдвар авсан нэг хүний эмчилгээнд жилд 3-5 сая төгрөг зарцуулдаг. Иймээс 2013 оноос эхлэн Монгол Улсын Засгийн газар жил бүр 500 сая төгрөг төсөвлөдөг болсон билээ.  Өөрөөр хэлбэл, ДОХ-ын халдвар авсан иргэн ХӨСҮТ-өөр дамжуулан шаардлагатай эмнэлгийн үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой.

Монголд өдрөөс өдөрт халдвар авагчдын тоо нэмэгдэх болсонтой холбоотойгоор 2017 онд Засгийн газрын тогтоолоор ХДХВ, ДОХ-ын халдварыг улсын хэмжээнд нэгдсэн бодлогоор хариуцах чиг үүрэг бүхий үндэсний хороог байгуулсан. Энэхүү хороог байгуулснаар ХДХВ, ДОХ-ын асуудлыг өргөн  хүрээнд авч үзэх боломжтой болсон юм.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын санаачилгаар байгуулагдсан Глобал сан нь ДОХ, Сүрьеэ, Маларин зэрэг 3 төрлийн өвчинтэй тэмцдэг. Энэхүү сангаас өнгөрсөн хугацаанд манай улсад нийт 51.5 сая долларын санхүүжилтийг олгосон. Мөн НҮБ-аас ХДХВ, ДОХ-оос урьдчилан сэргийлэх үүднээс тодорхой ажлуудыг зохион байгуулсаар байна.

ХДХВ, ДОХ-той иргэдэд зориулан ХӨСҮТ-өөс энэ онд хөнгөвчлөх тасгийг шинээр байгуулсан. Өмнө нь энэ төрлийн үйлчилгээг авахын тулд ихэвчлэн хувийн байгууллагад ханддаг байжээ.

Глобаль сан нь ДОХ, сүрьеэ, хумхаа өвчний тархалт өндөртэй, бага ба дунд орлоготой орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэхдээ эдгээр өвчнүүдтэй тэмцэх, сэргийлэх чиглэлээр тухайн улсын Засгийн газраас нь гаргаж буйтөсөв, хөрөнгө дээр нэмэлт санхүүжилт олгох зарчим баримталдаг. Уг санхүүжилт нь тухайн улс орны нөхцөлд тохирсон, бодит хэрэгцээнд тулгуурласан, салбар хоорондын хамтын ажиллагаа, түншлэлийг дэмжсэн төслүүдэд олгогддог байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.