Маргаантай бичигддэг 700 үгийг “журамлалаа”

2018-06-19 Мэдээ, мэдээлэл

Монгол хэлэнд хамгийн өргөн хэрэглэгддэг 38 мянган толгой үгийг багтаасан “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийн нээлт өнөөдөр /2018.06.19/ Төрийн ордонд боллоо. “Хэл бол хэн нэгний хүсэл сонирхол, үзэл бодлоос хамааралгүйгээр улс даяараа нэгэн дүрмээр жигдрэх ёстой юм. Монгол хэлний зөв бичих дүрэм бол Үндсэн хууль адил заавал дагаж мөрдөх баримт” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга толь бичгийн нээлтийн үеэр онцлов.

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

-1983 онд академич Ц.Дамдинсүрэн, Б.Осор нар 18 мянган толгой үгийг журамласан “Монгол үсгийн дүрмийн толь”-ийг бүтээсэн. Үүнээс хойш 35 жил өнгөрсөн ч уг толь бичигт тусгаагүй, журамлаагүй үг олон байна. Үсгийн дүрэм ямар байвал зохилтой талаар дурын хүн зааж, зарим үсгийг хасах талаар уриалах үзэгдэл ч гарах боллоо. Энэ нь цахим сүлжээгээр дамжин улам бүр даамжирч байна. Хүн бүрийн санаа, үзэл бодлыг харгалзан үзнэ гэвэл зөв бичих дүрмийн толь хэзээ ч бүрэн дуусахгүй маргаан үргэлжилсээр байх болно. Хэл бол хэн нэгний хүсэл сонирхол, үзэл бодлоос хамааралгүйгээр улс даяараа нэгэн дүрмээр жигдрэх ёстой юм. Монгол хэлний зөв бичих дүрэм бол Үндсэн хууль адил заавал дагаж мөрдөх баримт. Тиймээс энэхүү толь бичгийг өнөөдрөөс эхлэн Монгол Улсын нийт иргэд, төрийн албан хаагч, эрдэмтэн судлаачид, сонин, хэвлэлийнхэн үйл ажиллагаандаа мөрдлөг болгох учиртай гэв.

Аливаа улс төрийн эв нэгдэл нь бичиг соёлоос эхэлдэг байх ёстой хэмээн Хэлний бодлогын зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, Ардын багш С.Дулам онцлоод ‘Сүүлийн хоёр жилийн турш манай эрдэмтэд хүчин чармайлт гарган, ажилласны хүчинд энэ толийг гаргаж чадлаа. Эдгээр эрдэмтэд Акедимч Ц.Дамдинсүрэн тэргүүтэй эрдэмтдийн гаргаж байсан толийг дахин шинэчлэн, 38 мянган үгээр журамлалаа. Нутгийн аялгууны үг, нутаг нутгийн онцлогоос үүдээд 200 сая үгийн хэрэглээ байна гэсэн ерөнхий судалгаа байна. Тиймээс бид эдгээр үгийг нийтлэг хэрэглээгээр нь эрэмбэлэн жагсааж, 38 мянга болгон хэрэглэгчдэдээ өргөн барьж байна. Энэ бол хэрэглээний түвшинд бүх нийтээрээ хэрэглэх боломжтой толь юм. Мэдээж эрдмийн маргаан үргэлжилнэ. Энэ маргаан үргэлжилж, дахин эрэмбэлэгдэх хүртэл уг толь бичиг хэрэглэгдсээр байх болно. Олон жилийн турш Монгол хэлсний зөв бичих зүйн асуудал маргаан дагуулсаар ирсэн. Хамгийн ихээр маргаан дагуулж байсан үгнүүдийг манай эрдэмтэд тухайлан хэлэлцэж, журамласан. Хамгийн энгийнээр хэлэхэд, 700 үгийн жагсаалтыг хүртэл дахин журамласан гэсэн үг. Өнөөдрөөс эхлээд маргаантай бичигддэг 700 үгийн жагсаалтыг хэрэглэхгүй. Журамласан толинд үгсийг хэрхэн бичихээр заасныг л дагна гэсэн үг. Би ийм их эрдэмтэн хүн. Энэ үгийг ингэж бичнэ гэсэн үг өнөөдрөөс байхгүй болж байна’ гэлээ.

Энэхүү толийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга, доктрант Н.Нарангэрэл, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Л.Болд, М.Базаррагчаа, Ардын багш Ц.Өнөрбаян, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч, Хэл бичгийн ухааны магистр Б.Элбэгзаяа нарын 28 хүний бүрэлдэхүүнтэй баг боловсруулсан байна. Толийг боловсруулахад хоёр жилийн хугацаа зарцуулсан бөгөөд дээрх ажлын хэсэг Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт судалгаа явуулж, хамгийн их хэрэглэгддэг 38 мянган үгийг сонгон журамлажээ. Мөн дохионы хэлний цагаан толгой, ургамал амьтан, хуучирсан үг, шашны үг хэллэг зэргийг багтааснаас гадна ГХЯ-тай хамтран дипломат харилцаатай улс орнуудын нэр, тэдгээрийн нийслэлийн нэр, өргөн хэрэглэдэг 1000 гадаад үгийг оруулжээ. Ажлын хэсгийн гишүүд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 60 удаа, техникийн хэсэг 110 удаа хуралдаж, нийслэл, аймгуудын 7000 мянга гаруй Монгол хэл, уран зохиолын багш нарын саналыг авч, тусгасан байна.

Толь бичгийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн энэ сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор баталж, нийтээр дагаж мөрдөхөөр болжээ. Тус толь бичгийг бүх ерөнхий боловсролын дунд сургууль болон их, дээд сургуулиуд, яам, тамгын газруудад хүргүүлэх аж.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.