БНСУ-ын Хот байгуулалтын салбарын судлаачид Нийслэл хотод ажиллаж байна

2018-06-14 Мэдээ, мэдээлэл

БНСУ-ын Сэжун их сургуулийн профессор Бён Чанг Хым болон тус сургуулийн докторын ангийн 23 хүний бүрэлдэхүүнтэй баг манай улсад судалгааны ажил хийж байна. Судалгааны ажлын хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын түүх, ерөнхий төлөвлөлт болон, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийн нэгж талбаруудад очиж танилцлаа. Профессор Бён Чанг Хым өмнө нь “Сөүлийн орон сууцны корпораци”-ийн захирлаар ажиллаж байсан юм.

“Нийслэлийн орон сууцны корпораци” нь “Сөүлийн орон сууцны корпораци”-тай хамтын ажиллагааг эхлүүлээд нэг жилийн хугацаа өнгөрч байна. Сөүл хотын Орон сууцны корпорацийн хувьд газар шинэчлэн зохион байгуулах, шинэ суурьшлын бүс, шинэ хотын бүтээн байгуулалт, хямд өртөгтэй орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх гэх үндсэн чиглэлээр дахин төлөвлөлт хийдэг бөгөөд Түрээсийн орон сууцны чиглэлээр тусгай бодлого боловсруулан ажилладаг байна. Тиймээс тус судлаачдын хийсэн судалгааны ажлын дүн цаашлаад Нийслэл хотын бүтээн байгуулалт болоод цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдийн боловсруулалтын ажилд чухал үр нөлөө үзүүлнэ гэдгийг “Нийслэлийн орон сууцны корпораци”-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар уулзалтын үеэр онцоллоо.

Энэхүү судалгааны ажил 2018 оны 6 дугаар сарын 14-нөөс 17-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Сэжун их сургуулийн профессор Бён Чанг Хым: Дахин төлөвлөлтийн нэгж талбаруудаас харахад сургууль, цэцэрлэг гэх мэт нийгмийн дэд бүтцийн асуудлыг орхигдуулсан байгаа нь алдаатай харагдаж байна. Тиймээс Гэр хорооллын бүсийг дахин төлөвлөх ерөнхий төлөвлөгөөг гаргахдаа нийгмийн дэд бүтцийн асуудлыг хамтад нь гаргаж хэсэгчилсэн байдлаар барилгажуулах ажлыг хийх нь чухал. Гэхдээ тухайн ерөнхий төлөвлөгөөнд батлагдсан зураг төслийн дагуу хийгдэх учиртай. Мөн түр суурьшуулах түрээсийн орон сууцнуудыг бий болгож дахин төлөвлөлтийн ажил хийгдэх явцад иргэдийг тухайн орон сууцаар хангах нь төсөл амжилттай хурдан хугацаанд хэрэгжих үндэс болдог.

Сэжун их сургуулийн доктор Им Жае Ман: Дахин төлөвлөлтийн ажлыг хийхдээ шууд барилгажуулахаас илүүтэй тухайн нэгж талбарын хүн амын нягтралыг нарийн тооцоолж түүнд таарсан авто замын сүлжээг бий болгох хэрэгтэй. Үүний дараагаар тухайн талбарт баригдах орон сууцны хороолол болон үйлчилгээний хэсэгт авто зогсоолын асуудлыг нарийн шийдэж өгөх нь чухал юм.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.