Ц.Элбэгдорж: Бизнес дэх улс төрийн оролцоо Монголыг туйлдуулж байна

2017-04-5 Ерөнхийлөгч

УИХ-ын хаврын чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, яг одоо УИХ-д үг хэлж байна. Чуулганы нээлтэд хэлж буй түүний үгээс товчлон хүргэж байна. 


“Монголын нэр нүүр буянаар мөнгө олдох бололтой. Гэхдээ Монголд олдохгүй байгаа ховор юм хариуцлага. Хариуцлагагүй төрд мөнгө гай болно. Мөнгөгүй хийж болох ажил хариуцлага.

Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудтай хариуцлага тооцоход бусдаас мөнгө авах хэрэггүй. Хариуцлагатай болъё гэвэл сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай хуулийг батлах ёстой.

Хуулийг баталж байж, ард түмний итгэл сэргэнэ. Үнэмлэхүй ялалт бол үнэмлэхүй хариуцлага гэдгийг УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн. Хариуцлагыг мартахгүйн тулд хуульчлах хэрэгтэй. Олдвол өлддөг занг хариуцлагаар л хязгаарлаж болно.

Монгол Улсын төлөө гаднаас хэн ч хариуцлага хүлээхгүй.

Уулын буга хараад унасан морио мартаж болохгүй.

Дээд хариуцлагыг УИХ, Засгийн газар хүлээж байгаа. Хариуцлагыг мэдэрч байж хүлээдэг. Хуулиа батлахгүй бол дараагийн эрх баригчид амлаж авч хийх нь ойлгомжтой.

Бизнес дэх улс төрийн оролцоо Монголыг туйлдуулж байна.

Манай төр эдийн засгаасаа томорсон. Том төрийн ачааг эдийн засаг даахгүй байна.

Бизнесийн салбарын уналт амьжиргааны доройтол бүхэн үүний илрэл юм. Засахын тулд даарах арга хэмжээг авах шаардлагатай.

1. Төрийн яам агентлаг аж ахуй эрхэлдгийг хуулиар хориглох хэрэгтэй.

Тендер хөөцөлддөг, барилга барьдаг болсон. Албан тушаалтны гарын үсэг бүхэн бизнес болсон.

Төрийн байгууллага байхаа больсон. Бүгдээрээ шахам төрийн өмчит аж ахуйн нэгж болсон. Төр, бизнес хоёрыг салгах хэрэгтэй.

Өмнөх буруу бодлогыг давтаж болохгүй. Өмнөх алдааг давтуулах гэж эрх баригчдыг сонгодоггүй.

Сайдын албан тушаалыг ченжийн ажилтай давхарлан хашиж болохгүй.

2. Сайд гэж сүрхий гажуудсан албан тушаал байна. Эрхэлсэн сайдын хэмжээнд байх ёстой.

Шинэ, хуучин сайдууд тамганы ёслол хийдгийг болиулах хэрэгтэй. Сайд тушаал захирамж гарах эрхгүй. Төрийн нарийн бичгийн даргын эрх хэмжээнд хадгалагдах ёстой. Сайд бол ирдэг буцдаг байх.

Төрийн аж ахуйн үйл ажиллагааг сайдаас салгахгүйгээр байдал сайжрахгүй. Хагарал зөрчил, авлига гэмт үйлдлээс ангид байж чаддаггүй.

Мөнгө бизнес сонирхож байгаа бол төрийн албанаас холд гэж Ерөнхий сайд хэлсэн. Хэлээд энэ байдал засагдахгүй.

3. Төрийн бүх тендер, худалдан авалт, гэрээ хэлцэл шалгаруулалтыг төрөөс салгах хэрэгтэй. Мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх хэрэгтэй. Шилэн болгох хэрэгтэй. Хариуцлага ногдуулдаг л болох хэрэгтэй.

4. Төрийн бүх албан хаагчийн өрөөний хэмжээ, унах машин, оролцох эс оролцох бүхий л үйл ажиллагааны хязгаарлалтыг тогтоож хатуу мөрдөх хэрэгтэй. Өрөөгөө томруулсан бол, албаны унааг өөр зүйлд унасан бол халагдах ёстой. Хариуцлагатай төрийн ажил ингэж л явдаг.

5. Төрийн өмчийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг ашиг гэдэг зүйлээр хэмжье. Одоо ол улс төрийн албан тушаалтан тэднийг хөрөнгөжүүлдэг үүр уурхай нь болсон. эндээс гарахын тулд олон улсын сайн жишгийг нутагшуулахаас өөр аргагүй.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч хар тамхи, үр хөндөлт хоёр аюул учруулж байна гэдгийг энэ үеэр хэллээ.

Тэрбээр “Монголд аюул учруулж байгаа хоёр асуудал байна. Нэгдэх нь, хар тамхи, хоёр дахь нь үр хөндөлт.

Хар тамхи цэцэг цэврүү шиг залуу үеийг онилоод удаж байна. Амьдралд хөлөө олох гээд явж буй эмзэг үед нь дайрч байна.

Хар тамхи мансууруулах бодисын хэрэглээ үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрлээ гэж яриад удлаа. Арван хүүхэд тутмын 6-8 нь өртөх аюултай гэж мэдээлэх боллоо. Ихэнхид нь дээрх асуудал бодитой нүүрлэж байна гэсэн үг.

Өмнө нь би хар тамхи гэж аюулыг хаяа хатавчиндаа бүү ойртуулж гэж хэлж байсан. Тодорхой ажлууд энэ чиглэлд хийгдсэн ч өнөөгийн хүчээр ажиллаад амжилт олохгүй нь тодорхой боллоо.

Улс орны маань ирээдүйн хувь заяа хутганы ирэн дээр ирж байна. Энэ ажлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт толгойгоороо хариуцах ёстой. Төсөв бүтэц, зардлыг нь УИХ анхааралдаа авч яаралтай хэрэгжүүлэх шаардлага байгааг анхааруулъя.

Үр хөндөлтөөр 30 мянган хүнээ алддаг гэсэн албан бус тоо байна. 30 жилээр тооцвол 1 сая хүнээ алдаж байна.

Монгол Улс тодорхой бодлого гаргах цаг болжээ. Эмэгтэй хүнд ээж болох хувь заяаг нь хаах ёсгүй. Энэ гэмт хэргийг хазаарлан зогсоох ёстой. Монгол хүнд монгол хүн илүүдэхгүй. 1 сая ч байсан илүүдэхгүй.

Энд эх үрийн амь насыг хамгаалах гэсэн ганцхан зөвтгөл л байж болно. Гэхдээ энэ нь мэргэжлийн байх ёстой. Үүнийг хуульчилж хатуу чанга мөрдүүлэх ёстой. Эхийн хэвлийд нь хүүхдээ алдаггүй болох ёстой.

Монголын төр үеийн үедээ анхаарч, байх ёстой асуудал бол хар тамхи, үр хөндөлт хоёр юм хэмээлээ.

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.