Д.Дамба-Очир гишүүнээс сум аваад, буудаад байгаарай

2018-06-5 Нийгэм

Энэ зун хаа сайгүй хур дулимаг хүн амьтангүй харангадаж, цангаж унах нь. Дам сонсох нь ээ урд, хойд хөршүүд маань манайд сууниглах борооны үүлийг өөрийн нутаг руу хөөж оруулаад, буудаж бороошуулаад байгаа гэх.  Нэг үгээр хэлбэл, хөршүүд маань манай борооны үүлийг хулгайлаад байгаа бус уу. Гэхдээ үнэн худлыг бүү мэд. Учир мэдэх нэгнээс мэргэжлийн томчууд нь хүртэл ийм юм яриад олон нийтийн сүлжээгээр “үерлээд” байх болж. Гэхдээ ч олны үг ортой л гэх юм билээ.

За тэр яах вэ, нэгэн таатай мэдээ дуулгахад УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирт борооны үүлийг хур болгон бууддаг нөгөө гайхал сум чинь байгаа гэнэ. Зуншлага нийт нутгийн 30 орчим хувьд нь хэвийн, үлдсэн хувьд нь дунд муу гэсэн үнэлгээтэй байгааг Ус, цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байна. Тэгэхээр эрхэм гишүүнээс сум гуйх орон нутаг мундахгүй нь л дээ. Гишүүн ч энэ зун “од” болсоон.

Тэгэхээр Д.Дамба гуайд энэ айхтар ховрын сум байгааг яаж мэдсэн бэ гэхээр өнгөрөгч даваа гаригт түүний сонгогдсон тойрог буюу Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх шуурхай зөвлөгөөн боллоо. Энэхүү зөвлөгөөний төгсгөлд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир зочилж энэ удаагийн орон нутгийн томилолтынхоо талаар болон өнгөрсөн хугацаанд УИХ-ын зүгээс болон Эрдэнэтээс сонгогдсон гишүүнийхээ хувьд хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар мэдээлэл хийв. Аймгийн дарга нар ч түүний амнаас гарах үг, өгүүлбэрийг чих тавин анхааралтай сонсоно.

Энэ үеэр аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний албаны дарга Я.Тунгалаг үүлэнд зориудаар нөлөө үзүүлж бороо оруулсан ажлынхаа талаар мэдээлэл хийв. Тэрбээр “Аймгийн хэмжээнд үүл буудах сумны төсөв хөрөнгийг баталсан ч буудлагын экспедиц ажиллахад орчин нөхцөл хүндрэлтэй байгаа, сумны хүрэлцээ дуусч байгаа” гэв. Үүнийг сонссон УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Тунгалаг аа, надаас сум аваарай, буудах хэрэгтэй шүү” гээд л том дуугарав. Дарга нар ч үнэхээр таатай байна лээ, арга ч үгүй биз ээ. Улс даяар ховрын байгаа сумыг эрхэм дарга өгье гэж байна шүү дээ.

Тэгэхээр гантай байгаа аймгийн удирдлагууд ч Д.Дамба гишүүнтэй уулзахад буруу юу байх вэ. Тэрбээр ганц, хоёр сум илүүчлэх ч юм бил үү. Түүнтэй цаг аваад уулзаад байгаарай. Угаасаа мань хүн энэ үеэр “Та бүхний өмнө миний өрөөний хаалга нээлттэй байгаа шүү. Улаанбаатар орвол уулзаж, учирч байгаарай” гээд л байна лээ.

Мөн тэрбээр эрдэнэтчүүдтэйгээ нэг өдрийг сайхан өнгөрүүлэх уриалгыг амлав. Учир нь энэ сарын 16-нд Эрдэнэт хотод нэг том арга хэмжээ болох гэнэ. Тэрхүү өдөрлөгт Д.Дамба гишүүн өөрийн санхүү мөнгийг гаргаж, нэртэй зүстэй олон хамтлаг, дуучид авчирч “Нэг орой эрдэнэтчүүдтэйгээ хамт сайхан шоудая” гэлээ. Дарга нар ч мөн л жаргалтай байна билээ. Бас эрхэм гишүүн аймагт камер нэмж өгье, “ТОСК-ийн хоёр барилга энэ онд ашиглалтад орно. Ажил нь өнөө маргаашгүй эхэлнэ. Тэд надаас гуйж байгаад Хөгжлийн банкнаас зээл авсан”, “Би 2018 онд Орхон аймаг 14 тэрбум төгрөг тавьсан. Энэ жил хоёр том сургууль, 3 цэцэрлэг барина. Хоёр сургууль өргөтгөнө. Ажил нь эхэлнэ”, “Хүүхдийн эмнэлгийн нээлтэд оролцохоор ирлээ. Өнгөрсөн онд би хөөцөлдөж байж 2.2 тэрбум төгрөг улсын төсөвт тавьж өгснөөр ашиглалт орж байна”, “Цэвэрлэх байгууламж энэ онд ашиглалтад орно. Энэ ажил 2008 оноос л хэлсэн. Энэ жил би мөнгө тавьж өгсөн. Ингэснээр ашиглалтад орох боломжтой боллоо” гээд л БИ-гээр өвчилсөн хувь, хувьсгалын шинжтэй олон ажлыг өөрийн нэр дээр өмчлөн ярьж суух. Гэхдээ л түүнд сум байгаа гэсэн шүү, гантай байгаа нийт нутгийн зон олон минь ээ…

О.ГЭРЭЛ

 

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.