Үзэсгэлэнт Истанбул хот

2022-06-8 Амрах агшин

Истанбул хот нь олон эзэнт улсуудын нүүрийг үзэж, түүхийн хуудсанд нэрээ баларшгүйгээр сийлүүлсэн ховорхон хотуудын нэг. Гэхдээ өдөр ирэх тутам улам л өнгөжин залуужиж нүд, сэтгэл баясгана. Ямартай ч Ромын эзэнт гүрний үед ч өндөлзөж, тэдний үргэлжлэл болох Бизант болон, Төв Азийн “нүүдэлчид” Туркүүдийн байгуулсан Оттоманы эзэнт гүрний үед ч Нийслэл Хот гэх мэт цол гуншинг олон зууны турш дагуулсны хувьд одоо ч тэр л янзаараа ихэмсэг ба хямсгар.

Өнөөгийн Турк Улсын хамгийн том хот болох Истанбул нь хүн төрөлхтний түүхийн сувдан сондор болсон алдарт Константинополь хотын шинэ нэр билээ. МЭ 330 онд Констанитин хаан уг хотыг Ромын эзэнт гүрний нийслэл болгон өргөмжилсөн бөгөөд Ром хотоос илүү үзэсгэлэнтэй сүрлэг, жавхаатай болгохыг хүсч байсан гэдэг. Тиймээс эзэнт гүрний өнцөг булан бүрээс уран дархчуулыг авчран гоёмсог барилга байгууламж барьж барилгын гадна, дотор талын чимэглэлд гар татаагүй гэдэг.

Мөн Ромын нэртэй хотуудаас түүхийн үнэт бүтээлүүдийг шинэ нийслэлдээ авчирч байлаа. Хотын хөгжлийг даган ирэгсэдэд хөнгөлөлт үзүүлж Константинополь хотын хүн ам үлэмж их болсон байна. Хожим 15 дугаар зууны үеэс уг үзэсгэлэнт хот Оттоманы эзэнт гүрний мэдэлд ирсэн юм. Оттоманы эзэнт гүрэн Константинополь хотын нэрийг нь Истанбул болгон өөрчилжээ. Хот аажимдаа Муслим шашинтнуудын хэв маягт орж эхлэв. Муслим шашинтнууд өөрсдийн хээ угалз, хананд байрлах Меккаг заах хонхорхой, султанд зориулсан сараалжин хашлага зэргийг нэмж зарим сүмийг өөрчилсөн байдаг. Оттоманы эзэнт гүрний үед бусад нутагт баригдсан сүм хийдүүд Истанбул хотноо орших эртний сүм хийдийн загвараар баригдсан байдаг байна. Эртний Константинополь хотын эртний алдартай зах өнөөгийн Истанбул хотноо өнөөг хүртэл үйл ажиллагаа нь хэвээр үргэлжилж байгаа нь гайхалтай.

Истанбулын гудамжаар алхавал Парисаас дутахааргүй хайрын хотод ирсэн мэт сэтгэгдэл төрж амьнаасаа илүү хайрладаг  хүнтэй болчихоод хамтдаа гудамжаар алхамаар санагдана.

Ялангуяа шөнийн Истанбулын дүр зураг гайхалтай. Хэдэн мянган оны түүхийг өгүүлэх чулуу шигтгэн зассан хөгшин гудмууд, түүгээр хөлхөх тэргүүн дээрээ элдэв амтат боов өрсөн нарийн боовчид, өдөрт таван удаа мөргөлд дуудах минаре цамхгууд, уран барилгын гайхамшигт сүмүүд гээд энэ хотод дурлах шалтгаан олон. Эндхийн тэнгэр янз янз. Заримдаа гүүрэн дээр загас барин зогсох загасчны хуучин хувцас шиг бараан, заримдаа далайд нь нар гялтганан тоглох шиг гэрэл дүүрэн.

Энд Христийн уран барилгын хамгийн гайхалтай билэг тэмдэг Аяасофиа, Исламын уран барилгын оргилуудын нэг Султанахмедийн сүм хоёр хувь төөргөөр ч гэх үү, өөд өөдөөсөө ширтэлцэн хэдэн зууныг элээсэн байх гэж харагдмаар. Энэ сүмд Аллахад залбирлаа хүргэх эрээн алчуур толгойдоо ороосон гүн шүтлэгт Ислам хүүхнүүд, богинохон банзалтай орчин үеийн Түрэг гоо сайхантай холилдон алхахыг та харахдаа Истанбул бол өрнө ба дорно, хуучин ба шинийн уулзвар гэдгийг олж харах болно. Гадныханд “Blue Mosque” нэрээрээ алдаршсан бөгөөд одоо ч бүх хүмүүст нээлттэй. Хүмүүс орж гарч мөргөл үйлдэн, гадныхан гадна дотор нь  патиар татуулж, таазан дахь тансаг хээ угалзыг харж, алмайран эргэлдэнэ.

Энэ хотод бүх л зүйлс бий. Гайхамшгууд байгаа газар хог шаар заавал оршиж л таардгийн үлгэр. Таксимийн арын гудамжнаас элдэв шидээр даллан дуудах биеэ үнэлэгч хүүхнүүд, аллахын нэр барин наалдах эрэмдэг гуйлгачид, ирээдүй нь өнгөрсөнд гээгдсэн үгээгүй ядуус, энд тэндгүй элбэг таарах нүхэн гарцуудад ногоон хурганы арьс ч худалдаалах жижиг наймаачдыг харж болно. Мөн Истанбул магадгүй, энэ дэлхий дээрх хамгийн олон янзын модтой хот байх. Зарим модод нь бүүр өдөрт л хэдэн янзын өнгөнд хувирч, хүний нүдийг хуурах илбэтэй цэцэрлэгүүдэд нь суухад шавар шавхайн үнэр навчсын ялдам үнэртэй холилдон анхилах нь яагаад ч юм бэ нэг л дотно. Өнө эртнээсээ өрнө дорныг холбон оршиж байсных, өөр хаана ч үгүй аварга, мөнгө л байвал хүссэнээ худалдан авч болох захууд зөвхөн Истанбулд л бий. Ганц алхаад л таарах нарийн боовны газруудаасаа болоод Истанбулыг дэлхийд хамгийн амтат үнэртэй гудамжуудтай гэх яриа гардаг болов уу.

“Амьдрал заримдаа гунигтай, утгагүй мэт, огиудас хүрч, бачуурсан санагдах үе бий ч тэр л үед чи бол Истанбулын хүн, далайн эргээр нь хүссэн үедээ алхаж чадах үзэсгэлэнт хотын хүү гэсэн мэдрэмж юугаар ч солимгүй сайхан санагддаг” хэмээн энэ хотын уугуул хүү, Туркийн зохиолч Орхан Памук нэгэнтээ дурссан байдаг ажээ.

Б.Хандсүрэн

Чуулган: Байр суурь

3 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.