УИХ-ын гишүүн А.Сүхбат биед нь халдсан хэмээн гомдол гаргажээ. 

Бөхийн өргөөнд өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон үймээний үеэр Дархан аварга Б.Бат-Эрдэнийн бие хамгаалагч Б.Одхүү УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдалд нь халдаж, А.Сүхбатын биед гэмтэл учруулжээ.  Гишүүн гэмтлийн зэргээ тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний газарт хандсан байна. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

Сүүлийн үед монгол бөхийн цадиг, уламжлал алдагдаж өөр хоорондоо шөргөөлдөж, сүүлдээ нэгнийхээ биед халдсан ноцтой хэрэг гарах боллоо. Тэр ч бүү хэл хэдэн сарын өмнө товлосон байсан өчигдөр /2018.04.15/ болох байсан улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр бөхчүүдийн “Сонгинохайрханы хишиг” барилдааныг хойшлууллаа. Нэг үгээр хэлбэл, бөхчүүдийг нэгтгэдэг Монголын Үндэсний бөхийн холбоо хоорондоо эв эеэ ололцохоо болиод удаж байна.

Хоёр ч удаа “Их Эе”-э хуралдуулж холбооны тэргүүнээ сонгосон ч маргаан үргэлжилсээр. 2017 оны ээлжит бус “Их Эе” хурал 40 гишүүнтэй болж, Л.Чинбатыг сонгосон нь Бөхийн холбооны дүрмийг зөрчсөн гэж үзжээ. Тиймээс 2018 оны гуравдугаар сарын 24-ний өдөр 151 гишүүнтэй “Их Эе” хуралдаж, тэргүүнээрээ дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэийг сонгосон. Гэтэл Л.Чинбат ойр ойрхон бөхчүүдтэй уулзаж, мэдэгдэл хийж, улмаар Бөхийн өргөөг хүчээр эзлэх гэсэн үймээнийг дэгдээсэн байна. Энэ үйлдэл өнгөрөгч амралтын өдөр хурцадсанаас монгол бөхийн асуудал хүчний байгууллагын хурц хараанд шилжиж, цагдаагийн хамгаалалт авахад хүрээд байгаа билээ.

О.ГЭРЭЛ