Зорчигч тээврийн нэгтгэл шүүхэд хандана

2018-04-6 Мэдээ, мэдээлэл

Хэвлэлийн бага хурал

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус байгууллага нь 1500 ажилтантай. Нийслэлийн иргэддээ нийтийн тээврийн үйлчилгээг хүргэн  60 хувийг хариуцан ажилладаг аж. 

Өнгөрсөн оны Нийслэлийн нийтийн тээврийн шилдэг байгууллагаар шалгарсан тус байгууллагад нийслэлийн Төрийн Аудитын газраас  санхүүгийн тайланд нь аудитын шалгалт хийгээд зөрчилгүй гэж дүгнэжээ. Гэтэл “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ -ыг төлөөлөх эрхгүй ажлаас чөлөөлөгдсөн, тэтгэвэрт гарсан, тэтгэмжээ бүрэн авсан иргэд удаа дараа улс төрийн зорилгоор ташаа мэдээлэл өгч байгууллагын болоод  1500 ажилтны нэр хүндэд шууд халдаж байгааг хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм. Тиймээс Зорчигч тээврийн нэгтгэлээс шүүхэд хандах болсноо албан ёсоор мэдэгдлээ.

Энэ үеэр олон нийтийн дунд төөрөгдөл бий болгоод байгаа цалин хөлсний тухайд Зорчигч тээврийн нэгтгэлээс дараах тайлбарыг хийлээ.

Тодруулбал, “Нэгтгэл болсноор хөдөлмөр зохион байгуулалт, санхүүгийн сахилга батыг сайжруулж байгууллагын алдагдлыг бууруулан ажиллаж байна  Хөдөлмөрийн тухай хуульд долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл байна гэж заасан байдаг. Нийслэлийн тээврийн газраас гаргасан  цаг чиглэл графикийн дагуу л ажилладаг.

Нийтийн тээврийн байгууллага нь сахилга, хариуцлага өндөртэй байх ёстой. Нийтийн тээврийн стандарт зөрчсөн ажилтнуудад Хөдөлмөрийн хууль болон дотоод журмын дагуу тодорхой арга хэмжээ авдаг. Үүнээс өөрөөр эрхзүйн үндэслэлгүйгээр ажилтны цалингаас хассан явдал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Ухаалаг нийтийн тээврийн үйлчилгээ буюу смарт картад шилжсэн 2015 оноос хойш манай байгууллагын нэг ч хүний цалин өөрчлөгдөөгүй.

Зарим хүмүүс байгууллагыг ашигтай ажилладаг гэж ярьсан.Энэ бол буруу ойлголт.  2015-2017 онд ашигтай ажиллаагүй. Харин 2017 онд  2 тэрбум төгрөгөөр алдагдлаа бууруулж ажиллаж санхүүгийн чадавхаа сайжруулж байгаа. Цалингаас бусад бүх зардал дээр танаж хэмнэж ажиллаж байна. Цалингийн зардал бол үйл ажиллагаа тогтмол явагдаж байгаа үед хэмнэх боломжгүй зардал юм” хэмээсэн.

Мөн энэ үеэр тэд хэд хэдэн асуултад хариулт өгсөн юм.

Үүнд, 3-р баазын үйлдвэрчний эвлэлийн дарга байсан П.Баттулга анх  2002 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тушаалаар жолоочоор ажилд ороод ажиллаж байгаад 2015 оны зургадугаар сарын 29-ны өдрийн 1868 тоот тушаалаар үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт ажил хийхээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байдаг.

2015 оны аравдугаар сарын 14-ны Б/1501 тоот тушаалаар үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт ажлаас чөлөөлөгдөж, ажилдаа орох хүсэлт гаргасаны дагуу эргээд жолоочоор ажилд авсан. Үүнээс хойш ажлаа хийж байгаад 2017 оны тавдугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны зургадугаар сарын 2-ны өдөр хүртэл хугацаанд өвчтэй байгаа гэсэн эмчийн магадлагаа ирүүлжээ.

2017 оны зургадугаар сарын 3-ны өдрөөс хойш 2 сарын хугацаанд хүндэтгэн үзэх тодорхой шалтгаангүйгээр ажил таслаж хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан учраас ажлаас халсан. П.Баттулга нь хуулийн үндэслэлгүй ажлаас халсан байна гэж ХУД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах буюу 2 шатны шүүхээс П.Баттулгын  гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй байна гэж   шийдвэрлэсэн бөгөөд байгууллагыг хуулийн дагуу шийдвэр гаргасан байна гэж үзсэн аж.

Мөн тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудлаар : Зорчигч тээврийн нэгтгэл нь 2017 онд 32 ажилтан албан ёсоор өндөр насны тэтгэвэрт хууль журмын дагуу гарсан. Эдгээр гарсан ажилтнууд маань бүгд үйлдвэрчний эвлэлтэй байгуулласан хамтын гэрээний дагуу 1-12 сарын цалинтай тэнцэх буюу 11 сая хүртэлх төгрөгийн мөнгөн дүнтэй тэтгэмж  авсан байна. Хэвлэлийн бага хуралд оролцсон хүмүүс нь байгууллагаас өндөр насны тэтгэвэрт холбогдох хууль гэрээний дагуу тэтгэвэрт гарсан хүмүүс байна. Тухайлбал:

  • З.Энхтүвшин нь 2017 оны наймдугаар сарын 28-ны өдрийн б/707 өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэрт гарсан, байгууллагаас үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан хамтын гэрээний дагуу найман сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж,
  • Г.Уранхайч нь 2017 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн б/992 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэрт гарсан ба мөн байгууллагаас үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан хамтын гэрээний дагуу найман сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг тус тус авсан. Иймд байгууллагын зүгээс тэтгэвэрт гарсан болон гарч байгаа ажилтнууддаа хуулийн дагуу тэтгэвэр тэтгэмжийг олгож байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

 

 

 

 

 

 

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.