Францын уулчин Элизабет Револыг аварч, эмнэлэгт хүргэжээ

2018-01-29 Ертөнц

Гималайн нурууны Нанга Парбат оргилоос буух явцдаа эрсдэлд орсон Францын уулчин Элизабет Револыг аврах багийнхан олж, аварсан байна.

Гар, хөл нь гүн хөлдөлттэй олдсон түүнийг аврагчид  нисдэг тэргээр Исламабадын эмнэлэгт хүргэжээ.

Түүнтэй хамт авиралт хийж байсан Польшийн алдартай уулчин Томаш Мацкевичийг эрэн хайх ажиллагааг зогсоосныг мэдэгдлээ. “Харамсалтай нь, Томашийг аварна гэдэг боломжгүй. Цаг агаарын нөхцөл байдал, өндрийн хэмжээ зэргээс шалтгаалж аврах багийнхныг туйлын эрсдэлтэй байдалд хүргэх аюултай. Сэтгэл өвдөм, хүнд шийдвэр боловч үүнээс өөр арга байхгүй. Бид бүхэн гүнээ харамсаж байна. Томикийн гэр бүл, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэж Жиамбиаси бичжээ.

Нанга Парбат /8126 метр/ оргилд тэд цаг агаар харьцангуй тогтуун хэсэгхэн үеийг ашиглаж, нэгдүгээр сарын 25-нд амжилттай гарсан ч буух замдаа хүнд байдалд орсон байна. Уулчид 7400 метрийн өндөрт байрлах отогт очоод сураг тасарчээ. Элизабет Револ сансрын холбоогоор мессеж илгээснээр тэднийг эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлжээ. Оргилоос буух явцад Мацкевич цасны сохролт болж, биеийн байдал нь тавгүй болсноор  Мацкевич үлдэж, Револ түрүүлж буусан аж.

Пакистаны хойд хэсэгт орших Нанга Парбат оргил нь 8126 метрт орших бөгөөд өндрийн хэмжээгээр дэлхийд есдүгээрт бичигддэг байна. Анх 1953 онд оргилыг эзэлснээс хойш 30 гаруй уулчин уг ууланд амь насаа алдсан гэж тэмдэглэн  үлдээжээ.

Г.Пүрэвсүрэн

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.