Цахим гарын үсгийн программыг хийж дуусчээ

2018-01-25 Парламент

Чуулганы танхимаас

УИХ-ын чуулганы хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэв.

Иргэний бүртгэлийн асуудал дээр 16 төрөл зүйлээр бүртгэх юм байна. Жишээ нь хүйс өөрчлөгдсөний бүртгэл, иргэн овог нэрээ солих, гэрлэлт дуусгавар болсны бүртгэл гэх мэт зүйлс багтах гэнэ. Тэгэхээр гэрлэлт дуусгавар болно гэдэг нь нас барсан, гэрлэлтээ цуцлуулсан үйл ажиллагааг бүхэлд нь хамруулжээ. Харин иргэн овог нэрээ солих тухайд нэг л удаа солихоор хуулийн төсөлд тусгасан байдаг. Гэхдээ энэ заалт нь гэрч хохирогчийн хамгаалалтад байгаа иргэнд хамаарахгүй. Тухайн иргэн овог нэрээ хэдэн ч удаа сольж болно. Сэжигтэн, яллагдагч, ял эдэлж байгаа этгээдийн овог нэр солихыг хязгаарлахын тулд ийнхүү хуульд өөрчлөлт оруулж буй аж.

Энэ үеэр хөндөгдсөн бас нэгэн асуудал бол 2008-2012 онд бүртгэлийн үйл ажиллагаа төгөлдөршүүлэх олон ажил хийгдсэн. Энэ хүрээнд Монгол Улс иргэнээ анх удаа шинэчлэн бүртгэж, 15 сая баримтыг сканердаж, 680 мянган зөрчлийг арилгасан. Одоогийн байдлаар цахим гарын үсгийн программыг хийж дууссан байна. Мөн иргэний үнэмлэх дээр тоон гарын үсэг байршуулах бүх программ хангамжийн ажил дуусгавар болжээ. Харин одоо холбогдох төрийн байгууллагаас тоон гарын үсэг өгвөл суулгахад бүрэн боломжтой болсон аж.

Ийнхүү чуулганы хуралдаан түр завсарлаад байна. Үдээс хойших хуралдаанаар тус хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.