Өмгөөлөгч Р.Булгамаа: Шинжилгээгээр охин мансууруулах бодис хэрэглэдэггүй гэдэг нь тогтоогдсон

2018-01-10 Мэдээ, мэдээлэл

Хэвлэлийн бага хурал

 УИХ-ын гишүүн, Уул, уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарийн өмгөөлөгч Ц.Баасандорж, Р.Булгамаа нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мөн “Хүчирхийллийн эсрэг” төрийн бус байгууллагынхан оролцсон юм.

Учир нь Г.Номуундарь охин өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан эрх бүхий албан тушаалтны хүүхдүүд хар тамхи хэрэглэдэг тухай болон өөрийгөө хүчирхийлэлд өртсөн гэх мэдээлэл хийсэн. Түүний гомдлын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэс болон Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс уг асуудлыг шалгаж байгаа юм.

Түүний өмгөөлөгч Р.Булгамаа “Г.Номуундарь арваннэгдүгээр сарын 30-ны өдөр өөрийн цахим хуудсаараа хүүхдүүдийн гэмт хэргийн талаарх мэдээллийг цацсан. Энэ нь өөрийнхөө нэр төрийг эрсдэлд оруулсан, зоригтой үйлдэл юм. Г.Номуундарийн ярьсан зүйлс олон нийт, нийгмийн анхаарлыг татаж байгаа. Охины эрүүл эсэхэд эргэлзэж байгаа мэт төөрөгдөл ч үүссэн.

Г.Номуундарь охин сэтгэцийн хувьд эрүүл. Элсэлтийн шалгалтдаа өндөр оноо авч, их дээд сургуульд орсон байсан. Охиныг бичлэг хийсний дараа шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр охин ямар нэгэн мансууруулах бодис хэрэглэдэггүй гэдэг нь тогтоогдсон” хэмээн тодруулав.

Мөн тэрбээр охины хууль ёсны эрхийг хамгаалж, түүний аав оны өмнө Монгол Улсын Ерөнхий прокурорт хандсан болохыг онцлов. Одоогоор Ц.Баасандоржоор ахлуулсан хуулийн баг охины хэрэг дээр ажиллаж байгаа гэв.

Тэрбээр энэ талаар “Харамсалтай нь, гэмт хэргийн нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хуулийн байгууллагууд асуудалд анхаарал, болгоомжгүй хандаж байна. Прокурорын байгууллагад эргэлзээ төрж байна. Уг нөхцөл байдалтай холбоотойгоор ташаа мэдээлэл өгсөн. Цагдаагийн байгууллага хууль зөрчиж байна. Цагдаагийн албан хаагчид өмгөөлөгч нарыг гэрчийг байцаахдаа оролцуулахгүй байна. Гэрчүүдээс хуулийн дагуу үнэн зөв мэдээлэл авсан эсэхэд бид эргэлзэж байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчин, өмгөөлөгчдийг байлцуулахгүйгээр гэрчүүдээс мэдүүлэг авсан Улсын мөрдөн байцаах газрын нэр бүхий байцаагчийг хариуцлага тооцуулахаар Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэст гомдол гаргасан” болохыг тодрууллаа.

А.Уянга

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.