АГААРЫН БОХИРДОЛ хүүхдийн уураг тархийг гэмтээдэг

2018-01-11 Нийгэм

Агаарын бохирдол бага насны хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлдгийг сүүлийн үеийн судалгаа хөдөлшгүйгээр нотолж байгаа тул агаарын бохирдлыг нэн даруй бууруулах арга хэмжээ авахыг НҮБ-ын Хүүхдийн Сангаас дэлхийн улс орнуудад анхааруулж байна.

Өнөөдөр дэлхий дээр нэг хүртэлх насны 17 сая орчим хүүхэд агаарын бохирдлын түвшин нь олон улсын дундаж түвшнээс зургаа дахин хэтэрсэн бүс нутагт амьдарч байна. Эдгээрийн 12 сая гаруй нь Өмнөд Азид, бусад нь Зүүн Ази, Номхон Далайн бүс нутагт амьдарч байна.

НҮБ-ын Хүүхдийн Сангаас гаргасан “Агаарт буй аюул: бага насны хүүхдийн тархины хөгжилд агаарын бохирдол хэрхэн нөлөөлдөг вэ?” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлд агаарт буй нарийн ширхэгтэй хорт бодисууд нь хүүхдийн уураг тархины эд эсийг гэмтээж, танин мэдэхүйн хөгжилд сөргөөр нөлөөлж, улмаар хөгжлийн хоцрогдолд хүргэн, насан туршийн сөрөг үр дагавар дагуулдаг талаар нотолж байна.

Бага насны хүүхдийн тархины хөгжилд үзүүлэх сөрөг нөлөө:

НҮБ-ын Хүүхдийн Сангийн илтгэлд дурдсанаар, агаарын бохирдлын бага насны хүүхдийн тархины хөгжилд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь хоол тэжээл, хайр халамжаар дутсан, эсвэл хүчирхийлэлд өртсөн хүүхдэд гарах сөрөг үр дагавартай адил байдаг гэжээ. Ялангуяа энэхүү аюул нь хүүхэд эхийн хэвлийд бүрэлдсэнээс хойш 24 сар хүртэлх 1000 өдрийн туршид хамгийн өндөр байдаг нь тогтоогдсон.

Тухайлбал:

  • Агаар бохирдуулагч бодисууд тун нарийн ширхэгтэй тул хүүхдийн цусанд шууд нэвтэрч, уураг тархинд хүрч, судас, тархиныхоорондох шүүлтүүрийг даван мэдрэлийн эдийн үрэвсэл үүсгэдэг.
  • Магнетит буюу монголоор соронзон хүдрийн төмөр зэрэг зарим хэт нарийн ширхэгтэй бохирдуулагч нь үнэрлэх эрхтэн, хоол боловсруулах замаар дамжин биед нэвтрэн орж, соронзон чанараараа исэлдэх стресс үүсгэдэг. Энэхүү процесс нь мэдрэлийн тогтолцооны нөхөн сэргэшгүй хүнд өвчлөлтүүдийг үүсгэх үндэс болдог.
  • Нүүрс, шатахуун, тос, хог, тамхи зэргийг шатаахад үүсдэг Полициклик ароматик гидрокарбон гэх мэт бохирдуулагчид нь хүүхдийн сурах, хөгжих суурь болсон тархины мэдрэлийн эсийн холбоосыг гэмтээдэг.

Бага насны хүүхдийн тархи насанд хүрэгчдийнхээс бага хэмжээтэй тул илүү мэдрэг байдаг. Тиймээс багахан хэмжээний хорт бодис ч хүүхдийн тархийг илүү хүчтэй хордуулдаг байна. Хүүхэд том хүнтэй харьцуулахад илүү хурдан амьсгалдаг тул агаарын бохирдолд илүү өртдөг. Мөн хүүхдийн бие махбодын өөрийгөө хамгаалах дархлааны чадвар сул байдаг тул агаарын бохирдолд томчуудаас илүү хорддог.

Агаарын бохирдлыг бууруулахын тулд:

  • “Ногоон оффис” аргачлалыг хэрэгжүүлэх /эндээс татаж авах/
  • Байгууллагын ногоон худалдан авалт, ногоон менежментийн журмыг баталж, хэрэгжүүлэх /эндээс татаж авахэндээс татаж авах/
  • Барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх тунхагийг хэрэгжүүлэх /эндээс татаж авах/
  • Байгууллагад ногоон орчин бий болгох /мод, цэцэг тарьж ургуулах/
  • Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөвт агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа, түүний санхүүжилтыг суулгах
  • Дотор агаарын бохирдлыг бууруулахад HEPA агаарын шүүлтүүр, цэвэршүүлэгчийг ашиглах
  • НҮБ-ын Хүүхдийн Сангаас агаарын бохирдолд хүүхдүүд хамгийн ихээр өртөж байгаа газруудад  анхаарлаа түлхүү хандуулж, тэднийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээ яаралтай авч хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн байгууллагуудыг дэмжин ажиллахыг уриалж байна. Үүнд агаарын бохирдол хамгийн ихтэй дүүрэг, хороодын цэцэрлэг, сургуулиудад агаар цэвэршүүлэх төхөөрөмж, цахилгаан халаагуурыг олгох, байрны дулаалгыг сайжруулж, илүү эрчим хүчний хэмнэлттэй болгох, түүнчлэн агаарын чанарыг байнга хэмжиж байх зэрэг ажил багтана.

Тог тог… ХААЛГАА нээ

7 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.