Дэлхийд данстай монгол хүү

2018-02-9 Танил биш танил
Оны өмнөхөн шавилхан бор хүү Ерөнхийлөгчийн зарлигаар алтан гадас одонгоор энгэрээ мялаалгасанд хүн бүрийн нүд орой дээрээ гарах дөхөв. Сэтгүүлч миний бие ч тэдний эгнээг нэгээр нэмж байсныг нуух юун. Тэгсэн харин насандаа, биеэндээ баймгүй бахдам амжилтын эзэн байсныг сүүлд мэдээд өөрөөсөө хачин их ичив.
Түүнтэй бэлтгэлийнх нь завсараар хоёр, гурван үг солих завшаан олдсон ч бид хоёрт “орчуулагч” олдсонгүй. Учир нь тэрбээр төрөлхийн сонсголгүй. Гэхдээ л түүний сэтгэлийн гүнд ямар их бяр амтагдаж буйг бэлтгэл хийх явцаас нь харахад хэн хүний нүдэнд илт. Түүний багш нь шавийнхаа хүч тэнхээг шагшин сууна лээ. Цаашид ч ямар их амжилтыг эх орондоо авчрахыг төсөөлөхийн аргагүй хэмээн шавьдаа 100 хувь итгэл төгс багшаар бахархахгүй байхын аргагүй.
Н.Эрхэмбаяр хүү 11 настай буюу 2011 оноос эхлэн чөлөөт бөхийн дасгалжуулагч Э.Баттүшиг багшийн удирдлага дор хичээллэж эхэлжээ. Өдгөө тэрбээр Өвөрхангай аймгийн Биеийн тамир спортын газрын “Их Монголын хүчтэн” дэвжээнд харьяалагдаж, анхны дасгалжуулагчийнхаа удирдлага дор хичээллэсээр байгаа юм. Түүний амжилтын гол нууц нь багш солих үнэхээр дургүй гэнэ. Чин сэтгэлээсээ дасгалжуулагчийнхаа захисан, хэлсэнийг ягштал биелүүлэхийг хичээдэг аж. Тиймдээ ч өнөөдөр энэ бяцхан үр Монголын анхны Дифлимпийн өсвөрийн дэлхийн аварга сурагч болсон биз ээ.
Мэдээж түүнд энэхүү өндөр оргилд хүрэхэд амаргүй байсан нь гарцаагүй. Энгийн хүүхэдтэй адил бусдыг зуун хувь ойлгох чадвар хомс. Гэхдээ л тэрбээр дасгалжуулагчийнхаа үйл хөдлөл, амны хайрцагийг алдалгүй сайн ойлгодог гэв.
Тэрбээр  2015 оны өсвөрийн улсын аваргаас мөнгөн медаль хүртэж, гавьяат тамирчин М.Хойлогдоржийн нэрэмжит Өвөрхангай аймгийн чөлөөт бөхийн өсвөр үеийн тэмцээнд түрүүлж байсан. 2016 онд Иран улсын Тегеран хотноо болсон Диф (сонсголгүй) иргэдийн чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өсвөр үеийн 54 кг-ын жинд зодоглож, дэлхийн дэвжээнд бүх өрсөлдөгчөө цэвэр ялж түрүүлэн, Иран улсад Төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулсан юм. Өнгөрсөн 2017 онд таван тивийн 114 орны 3500 гаруй тамирчин оролцсон, Турк улсын Самсун хотноо зохион байгуулагдсан Дифлимпийн зуны 23 дугаар спортын наадмаас мөнгөн медаль хүртсэн гээд түүний алдар хэдийнэ тив дэлхийд цуурайтах болж. Тэрбээр хамгийн сүүлд Өвөрхангай аймгийн 2017 оны спортын шилдэг тамирчин, шилдэг залуу болжээ.

Түүнийг Дэлхийн аваргын тэмцээнд оролцоход аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Дифлимпийн хороо, “Дэлхийн зөн” Өвөрхангай ОНХХ, хоёрдугаар  сургуулийн тусгай бүлгийн сурагчид, Монгол Улсын арслан Д.Ганхуяг ах, “Хасу Мега старс” клубын хамт олон, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд С.Чинзориг, Өвөрхангай аймаг дахь “Хангамж” ХХК-ийн захирал н.Батхүү ах гээд олон хүн дэмжиж тусалжээ.

Өдгөө шантрашгүй, нугарашгүй хүчирхэг тамирчин маань удахгүй болох залуучуудын улсын аваргын тэмцээнд оролцохоор бэлтгэлдээ гарчихаад байгаа нь энэ аж. Бахдам амжилтын эзэн чамд оргил өөд мацах их зам тань дардан байхыг хүсэн ерөөе.

О.МӨРӨН

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.