ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ТӨРИЙН МЭДЭЛД АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2018-01-4 Засгийн газар

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, ‘Эрдэнэт’ ХХК-ийн 49 хувийг төрийм өмчид буцаан авах шийдвэр гаргалаа. Ингэснээр ОХУ-ын талын эзэмшиж байсан 450 сая ам.доллараар худалдаж авсан төлбөрт нэг их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгийг Засгийн газар харилцан шилжүүлэх байдлаар төлөхөөр болжээ.

 Энэ талаарх тодорхой мэдээллийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв. Хурлын үеэр хөндөгдсөн асуудлыг тодруулж байна.

-Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг хэлэлцэн, УИХ-аас  өмнө нь гаргасан 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзжээ. Энэ талаар тодруулна уу?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: -“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн өмчид буцааж авах шийдвэрийг гаргалаа. “Монголын зэс” корпорацийн эзэмшиж байгаа 49 хувийг УИХ-ын  2017 оны 23 дугаар тогтоолд заасны дагуу харилцан суутгах замаар барагдуулж авна. “Монголын зэс” ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувьд 472 сая ам.долларын төлбөр хийсэн байдаг. Энэ төлбөрийг хийхдээ Худалдаа хөгжлийн банк нь Хөгжлийн банкнаас зээл авсан, мөн Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд зээл олгосон. Үүнийг нь суутган тооцох. Дээр нь Сэлэнгэ аймагт хийсэн концессын гэрээний 217 тэрбум төгрөгийг хүчингүй болгож, түүний хөрөнгийг суутгалд оруулж тооцох, “Эрдэнэт”-ийн ногдол ашиг 49 хувийг эзэмшигч “Монголын зэс”-рүү шилжсэнийг  суутган тооцох зэрэг шийдвэрийг гаргасан. Ингэснээрээ нийт дүнгээрээ 1 их наяд гаруй төгрөгийг харилцан суутгах шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Мөн “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн өмчид авах, бүртгэх шийдвэрийг холбогдох агентлагуудад даалгасан байгаа.

-Сангийн сайд аа, та сул гишүүн байхдаа УИХ-ын 23 дугаар тогтоолыг эсэргүүцэж байсан. Гэтэл өнөөдрийн Засгийн газрын шийдвэр таны бодлогын эсрэг гарлаа. Хоёрт, “Монголын зэс” корпорацын мөнгө улсынх байсан гэдэг нь шүүхээр тогтоогдсон юм уу?

-Засгийн газар УИХ-ын тогтоолыг биелүүлэх үүрэгтэй. Засгийн газар хоёр сарын хугацаанд 49 хувийг эзэмшигч талтай хэлцэл хийсэн. Хэлцлийн үндсэн дээр асуудлаа Засгийн газарт оруулж танилцуулж байгаа. Засгийн газрын шийдвэр олонхид үндэслэж гардаг. Засгийн газрын гишүүний санал эсрэг байх шийдвэр хурлаар яригддаггүй ээ гэдгийг хэлье.

-Улсын Дээд Шүүхээс саяхан ‘Эрдэнэт’-ийн 49 хувийн эзэмшигчдийг Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь мөн болохыг баталгаажуулсан шийдвэр гаргасан. Засгийн газар бас нэг өөр шийдвэр гаргалаа. Энэ чинь бүр төөрөгдөлд оруулж байна? 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: УИХ-ын тогтоол гараад жил болж байна. Өмнөх Засгийн газар ‘Эрдэнэт’-ийн 49 хувьд харилцан суутгал хийх заалтад арга хэмжээ аваагүй. Ийм байхад Улсын бүртгэл “Эрдэнэт”-ийн 49 хувь төрийн өмч гээд бүртгэчихсэн юм билээ. Тэрэнтэй  нь холбоотой гомдол шүүхээр явсаар байгаад 49 хувь дээр бүртгэ гээд шийдвэр нь гарсан.

Засгийн газрын өнөөдрийн шийдвэрийн ялгаа нь Засгийн газар тооцоогоо хийгээд, улсаас шууд болон тойруугаар авсан мөнгөний дүн тэнцэж байгаа учраас харилцан суутгал хийгээд “Эрдэнэт”-ийг 100 хувь төрийн өмчийн шийдвэр гэдгийг гаргасан. Одоо УИХ, Засгийн газрын шийдвэр хэрэгжинэ.

“Эрдэнэт”-ийн 49 хувь талаас Арбитрт хандвал яах вэ, Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж?

-49 хувь талаас Арбитрт хандах эсэх нь тэр хүмүүсийн асуудал. Хэрэв тийм алхам хийх юм бол Засгийн газрын шийдвэр зөв гэдгийг нотлох баримтуудаа гаргаж өгнө.

‘Эрдэнэт’-ийн 49 хувийг ‘Монголын зэс’-д шилжүүлсэн Засгийн газрын 2016 оны зургадугаар сарын тогтоол хууль бус гэдгийг УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг тогтоосон. Мөнгөний дүнг гаргаад тавьсан. Засгийн газар энэ асуудлыг хэлэлцэхээс өмнө  2016 оны дөрөвдүгээр сарын 21-нд 5 сая ам.долларын төлбөр хойшоо хийгдсэн байсан.  Засгийн газар давуу эрхээ эдлэх заалт нь хүчинтэй байхад шүү. Мөн энэ гэрээний асуудал УИХ-д танилцуулагдаагүй байхад төлбөр хийгдээд явсан нь хуйвалдаан аль хэзээний хийгдсэн гэсэн үг. Энэ талаар та бүхэнд хангалттай мэдээлэл өгсөн.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.