Н.Оюундарь: Хүүхэд хамгаалалд 5 тэрбум төгрөгийг чуулганаар батлууллаа

2017-01-21 Улс төр

УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай хүүхдийн хүчирхийллийн эсрэг хийж байгаа ажлын талаар ярилцлаа. Тэрээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж холбогдох санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийн ахлагч юм.


Сүүлийн үед хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт, хэрэг ихээр илэрх болсон. Танай ажлын хэсгийнхэн энэ асуудлыг шийдэх гарц олж байна уу?

УИХ-аар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг хэлэлцэж, үүнтэй холбогдуулан манай ажлын хэсэг Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Манай ажлын хэсгийнхэн саяхан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, Түр хамгаалах байр, “Өнөр бүл” төвд ажиллаж байдлыг нүдээр үзэж, зарим асуудлыг судлан шийдвэрлэхээр болсон.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн гэсэн сайхан нэртэй газар байдаг ч асуудал гараад л байна. Ямархуу ажилтай газар юм бол?

Манай улсад хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийг хангахтай холбоотой эрх зүйн орчин бүрдсэн. Хүүхдийн төлөө үндэсний газрыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон өргөтгөсөн ч орон тоо нь хэвээрээ л байгаа нь асуудал юм. Сургалт, сурталчилгаанд төсөв мөнгө нь хаанаа ч хүрдэггүй. Энэ газрын ажилд нэг тэрбум төгрөг шаардлагатай талаар УИХ-ын чуулган дээр санал оруулсан. Гишүүд маань хүүхдүүдийн ирээдүйн төлөө, хүүхэд хамгаалах ажилд дэмжлэг үзүүлэхийг дэмжиж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт нэг тэрбум төгрөг өгөх асуудлыг Байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн. Чуулганаар орж батлуулсан. Бүр тодруулбал, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор 1 тэрбумын төсөвлөснийг 4 орчим тэрбум төгрөгөөр нэмүүлж, нийт 5 тэрбум төгрөг болгож чуулганаар батлууллаа.

Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор 1 тэрбумын төсөвлөснийг 4 орчим тэрбум төгрөгөөр нэмүүлж, нийт 5 тэрбум төгрөг болгож чуулганаар батлууллаа.


Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд анхан шатны нэгж болох “Хамтарсан баг”-ийн тогтолцоог бэхжүүлэх нь чухал юм байна. Энэ онд 75 сургагч багш бэлтгэжээ. Үүний үр дүнд үндэсний хэмжээнд хамтарсан 609 багийн 4494 гишүүнийг чадавхжуулах сургалтад хамруулсан байна. Энэ хамтарсан баг өнгөрсөн хагас жилийн хугацаанд 778 гэр бүлтэй ажиллаж, сэтгэл зүйн зөвлөгөөг 1031 хүнд өгсөн байдаг. Хүүхэд хамгааллын үйлчилгээг 662 хүнд, Нийгмийн ажилтны тоог нэмэгдүүлэх, тараах материал, зөвлөмжийг боловсруулж түгээх, нийгмийн ажилтнуудыг анхан болон дунд шатны сэтгэл зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр мэргэшүүлэх хэрэгцээтэй гэж О.Алтсансүх дарга ярьж байсан. Улмаар “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран хүүхэд хамгааллын аяныг эхлүүлж www.huuhedburt.mn цахим сайт, гар утасны аппликейшн боловсруулсан нь дэвшил юм.

Хүүхдийн хүчирхийллээс сэргийлэхэд хэвлэлийнхний хүч, оролцоо чухал гэж байсан. Энэ тал дээр ямар нэгэн дэвшил гарсан уу?

Энэ тал дээр хэвлэл, мэдээллийн хэрэгсэл онцгой үүрэгтэйгээр оролцож, олон нийтэд эерэг нөлөөлөл үзүүлэх боломжтой. Тиймээс бид уулзалт зохион байгуулж байсан. Хэвлэл мэдээллийн байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд хуулийг сурталчлах, олон нийтэд хүүхэд хамгааллын чиглэлээр мэдээлэл түгээхэд санаачлагатай оролцмоор байна.

Санхүүжилтийн хувьд 396 сая төгрөг хангалттай юу?

Бид хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийг хангах чиглэлээр төсөвт тодорхой өөрчлөлт оруулах боломжийг эрэлхийлж байна. Гишүүд маань хүчирхийллийн эсрэг ажилд нэгдэж хүүхэд хамгааллын ажилд хэрэгцээтэй төсвийг дэмжиж батлуулсан маань бидний ажлын бас нэг үр дүн юм.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлуулахад та ахалж ажилласан. Хуулийн хэрэгжилт нь ямар гарав?

2017 оны есдүгээр сарын байдлаар 824 хүүхдийн эсрэг хэрэг бүртгэгдсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхээс 22.4 хувиар буурсан байна. Үүнд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн үр нөлөө бий. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн 2110 хүн захиргааны шийтгэл хүлээсэн, энэ төрлийн гэмт хэргийн 80 хувь нь гэр, орон сууцанд болдог. Хууль зүй, дотоод хэргийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Эрүүл мэндийн яамны хамтарсан болон дангаар шийдвэрлэх 35 журмыг өнгөрсөн хугацаанд батлах байсан. Үүнээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасны 30 нь батлагдан, хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Түр хамгаалах 15 байр, 9 нэг цэгийн үйлчилгээний байр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Олон улсын санхүүгийн байгууллага, төсөл хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 2018 онд нэг цэгийн 10 үйлчилгээ, түр хамгаалах 5 байрыг шинээр байгуулахаар санхүүжилтийн асуудлыг шийдсэн байна. Гэхдээ эдгээр төвд ажиллах боловсон хүчний цалин хөлс, нийгмийн асуудал хараахан шийдэгдээгүй. Ирэх оны төсвийн төсөлд энэ зардлыг тусгуулна.

 

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв болон Түр хамгаалах байранд ямархуу асуудал байна вэ?

Манай хамтарсан ажлын хэсэг Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв болон Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, Түр хамгаалах байранд ажиллан, үйл ажиллагаатай танилцсан. Хүүхдийн тусламжийн 108 утас нь өдөр бүр 24 цаг, дөрвөн ээлжээр ажилладаг. Нэг ээлжинд гурван зөвлөгч-сэтгэл зүйч, нэг ахлах нийгмийн ажилтан зөвлөгөө, мэдээлэл өгч, газар дээр нь шуурхай үйлчилгээ үзүүлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг Түр хамгаалах байранд авчрах зорилгоор нэг жолоочтой юм байна. Тус төв 2014 оны зургадугаар сарын 1-нээс тогтмол ажиллаж эхэлсэн. 745.000 гаруй дуудлага хүлээж авсан. Үүний 495.000 орчим нь зорилтот дуудлага байсан. Өдөрт 450-700 дуудлага хүлээн авдаг бөгөөд 102, 103, 105 дугаар буюу Мэдээлэл, шуурхай удирдлагын төвтэй хамтран ажилладаг юм байна. Аравдугаар сараас эхлэн тус төвд хандаж буй иргэдийн тоо өссөн гэсэн. Сард 12.000-14.000 дуудлага хүлээн авдаг байсан бол өнгөрсөн аравдугаар сард 20420 дуудлага хүлээн авчээ.

Сүүлийн үед айл, хөршүүдээс хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл их ирж байгаа бололтой?

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш энэ төрлийн гэмт хэргийн талаарх мэдээллийн тоо харьцангуй өссөн. Үүний шалтгаан нь хамтарсан багууд харъяа нутаг дэвсгэрийнхээ иргэд, зорилтот хэсгүүдэд сургалт явуулж, мэдээлэх, таниулах ажил нэлээд хийсний үр дүн. Бас сургууль, цэцэрлэгийн орчинд ажилладаг иргэдээс мэдээлэл ирүүлдэг болжээ.
Энэ сарын 2 хүртэлх хугацаанд 212 хүүхдэд буюу 0-3 насны 34, 4-6 насны 56, 7-9 насны 40, 10-14 насны 38, 15-18 насны 44 хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн талаар Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, Түр хамгаалах байрны зохицуулагч М.Содгэрэл бидэнд танилцуулсан. Түр хамгаалах байранд ирж буй хүүхдүүдийн дийлэнх нь үл хайхрах хүчирхийлэлд өртдөг. Өнөөдрийн байдлаар долоон хүүхэд тус төвд байрлажээ.

Хүчирхийлэлд өртсөн зарим хүүхдийг “Өнөр бүл” асрамжийн төвд шилжүүлж байсан. Ямархуу газар байна вэ?

Тус төвийн асрамж 160 гаруй хүүхэдтэй, 11 төрлийн дугуйлан хичээллүүлдэг. Дугуйлангуудын үйл ажиллагаатай танилцлаа. Хүүхдүүдийн хийсэн бүтээлийг худалдах талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Өнөр бүл” төвтэй хамтран ажиллах байх. “Өнөр бүл” төв хүүхдүүдийнхээ мэдээлэл, баримт, сэлтийг нууцлалын зэрэглэлтэйгээр хадгалахын тулд архивын өрөө шаардлагатай байгаа гэнэ. Тийм учраас УИХ-ын эмэгтэй гишүүд санхүүгийн асуудлыг шийдвэрлэн, засвар үйлчилгээг нь хийлгэхээр ярилцлаа. Асрамжийн төвүүд 18 нас хүрсэн хүүхдийг үргэлжлүүлэн халамжлах боломжгүй байдаг. Гэтэл хүүхдүүд мэргэжилгүй, орлогогүй, орон гэргүй учраас буруу замаар орох, бусдад уруу татагдах, нийгмийн эмзэг бүлэг рүү орох зэрэг хүндрэлтэй асуудал байна. Үүнийг шийдэх ёстой. Одоогоор Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд-залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт асрамжийн төвд хүмүүжсэн 18-аас дээш насныханг тодорхой хугацаагаар байршуулан, нийгэмшүүлэх бэлтгэл хийдэг ч энэ үйл ажиллагааг зогсоосон. Тэдний оронд 18 нас хүрээгүй хүүхдүүдийг хүлээн ав гэдэг чиглэл иржээ. Гадаадад ийм иргэдээ онцгойлон анхаарч, мэргэжилтэй, ажлын байртай болгох, 30 нас хүртэл нийгэмшүүлэх зорилгоор тусгай хөтөлбөр хэрэгжүүлдгийг асрамжийн төвийн ажилтнууд ярьж байсан. Энэ асуудалд бид анхаарахаар болсон.

А.Уянга

 

Хууль л амла!

3 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.