Хүүхдүүд мессежээр дуудлага өгдөг болно

2017-11-13 Мэдээ, мэдээлэл

Хүүхдийн тусламжийн утас 108 үйл ажиллагаагаа явуулж эхлээд гурван жил болжээ.

Энэ хугацаанд тус утсанд 730 гаруй мянган дуудлага ирсний 45800 нь хүчирхийллийн дуудлага байсан бол энэ онд тус утсанд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх 157 дуудлага ирсэн аж. Үүний 122 нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм байна. Түүнчлэн ирсэн дуудлагын 80 хувийг эмэгтэй хүүхдүүд эзэлдэг бөгөөд тэд ихэвчлэн сургуулийн орчны дарамт, нөхөн үржихүйн сэдвээр тусламж хүсэж ханджээ.

Тус утсанд холбогдсон хүүхдийн хоолойг ажилтнууд сонсоод хүчирхийлэлд өртсөн, сэтгэлийн дарамтад орсон эсэхийг шууд мэддэг гэнэ. Хүүхэд нэг бус удаа залгавал тухайн дугаарыг онцгойлон тэмдэглэж, хэн болох, хаана амьдардаг зэргийг нь тогтоож, хороо, дүүргийн нийгмийн ажилтнууд гэрт нь очиж нөхцөл байдалтай нь танилцаж, эцэг, эхийг хянадаг аж.

Харин ирэх жил “Хүүхдийн тусламжийн утас 108” технологийн шинэчлэл хийж, зурвас илгээн, тусламж хүсэх боломжтой болох аж. Тухайлбал, хүчирхийлэлд өртөн тусламж авахыг хүсдэг ч гэр бүлийнхнийхээ дэргэд холбогдож чаддаггүй хүүхдүүд 108 дугаар руу зурвас бичиж, тусламж хүсэх боломжтой болох гэнэ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.