Гайхамшиг эгшиглэхэд ганцхан долоо хоног үлдлээ

2017-11-6 Сонгодог урлаг

Сонгодог урлагт шимтэн дурлагсад, урлагт хайртай монголчуудын цангааг тайлах гайхамшигт үдэш хэзээ мөдгүй болох нь. Урлагийн гавьяат зүт­гэлтэн, хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн ууган охин, төгөлдөр хуурч С.Саянцэцэгийг мэдэхгүй нэгэн үгүй биз ээ. Энэ сарын 14-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт болох түүний уран бүтээлийн тайлан тоглолт С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллежийн 80 жилийн ойд зориулсан гэдгээрээ онцлог бөгөөд тоглолтод С.Саянцэцэгийн өөрийн нь багш, ардын жүжигчин Ц.Цолмон, мөн ОХУ-ын төгөлдөр хуурч Дмитрий Людков, БНСУ-ын төгөлдөр хуурч Пак Сун Хва, Хөх хотоос шавь нь болох Хао Инжэ нар зочноор уригдан оролцох юм байна. Энэ утгаараа хан хуурын гайхамшгууд нэгэн тайзнаа чуулах, тэр бүр олдоод байхгүй ховорхон үдэш болох нь дамжиггүй.

Тоглолтын бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан бөгөөд тоглолтын хөтөлбөрт дэлхийн сонгодог зохиолуудаас гадна Зулай цагаан алтай, Тэмээчин ээж зэрэг монголын маань сор бүтээлүүд ч эгшиглэх гэнэ. Төгөлдөр хуурч авьяаслаг бүсгүйн энэхүү тайлан тоглолтод Дармаа, Од нарын залуу хөгжимчид ч оролцон тоглох юм байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.