Монголд циркийн урлаг мөхөхөд ойрхон байна, С.Чулуун сайд аа

2020-10-9 Соёл урлаг

Улсын циркийг менежментийн гэрээгээр “Аса” багт шилжүүлсэн тэр цагаас хойш өдгөө 13 жил өнгөрлөө. Энэ хугацаанд мэргэжилдээ хайртай хэдэн хүн л их аварга Д.Дагвадоржийн мөнгө цохиод худалдаад авчихсан өнөөх дугуй байшингийн ойр орчмоор эргэлддэг болж. Хэдэн жүжигчдийн ихэнх нь гудамжинд лаац өшиглөөстэй. Байгаа хэд нь төрийн хараанаас гадуур. Нийгмийн даатгалын шимтгэлээ хүртэл өөрсдөө хувиараа төлдөг гээд тэдэнд зовлон их. Гэвч тэд энэ урлагтаа хайртай. Гадны улс орнуудын үзэгчдийн нүдийг оройд нь гаргах дөхдөг байсан Монголын бахархал болсон хоёр бөхт тэмээ, уулын чоно, ойн баавгай гээд гаршуулсан хэдэн амьтан нь хаашаа ч юм алга болсон. Мөн дэлхийд гайхагддаг байсан агаарын гемнастикийн үзүүлбэр сүүлийн 15 жил тавигдсангүй. Гэвч энэ байдалд төр нь ч тэр түмэн олон юу ч хэлэхгүй өдий хүрлээ. Хэн ч төр засгаас хариуцлага нэхсэнгүй. Бүхэл бүтэн салбар дампуурлын ирмэгт тулчихаад байхад Соёлын яам нь яагаад нүдэн балай чихэн дүлий сууна вэ?

Харин одоо энэ салбарыг төр засаг гэж байдаг бол эндээс үлдсэн сүүлчийн цучил болох Циркийн сургуульд нь түшиглээд хөл дээр нь босгох ганц л боломж байна.

Уг нь Монгол Улс мэргэжлийн циркчдээ консерваторитоо бүр багаас нь сургаж, бакалаврын боловсрол олгодог. Гэвч төгсөгчдийнхөө ихэнхийг буюу 97 хувийг гадны улс орнуудад алдчихдаг байна. Энэ нь ч аргагүй юм. Ази тивдээ төдийгүй дэлхийд өндрөөр үнэлэгдэж байгаа, сургалт сайтай энэ сургуульд өөрийн байтугай түрээсийн ч хичээлээ явуулах байр алга. Ямар сайндаа намрын жихүүн эл өдрүүдэд циркийн үе үеийн уран бүтээлчид хамтран явуулын асар барьж, сургуулийнхаа 80 жилийн ойг тэмдэглэх гэнэ. Ёстой л сэтгэлд гал байвал тулганд илч байдаг гэж. Тэд одоо ч асрынхаа хойморт нүүдлийн даавуун майхан бариад, энэ хүйтэнд бэлтгэлээ хийж байна. Гэтэл салбар хариуцсан цагаан захтнууд нь  паартай байшин, паалантай жорлондоо төрийн эрх ямбаа эдлэн улсын машин унаж, газарт ч гишгэхгүй шахам жаргасаар сууна, энэ ариун явдал уу.

Түүнээс гадна өнөөдрийн байдлаар аса аварга циркийнхээ байранд засвар хийж байгаа гээд дотроосоо нам түгжчихсэн байдалтай байна. Гэтэл үнэн хэрэгтээ тус байрыг циркийнх нь зориулалтаар засаж байгаа юу, эсвэл гэсэн асуултад нүдээрээ харж, шалгах ёстой мэргэжлийн байгууллагууд нь ажлаа хийж буй болов уу, сайд аа. Энэ мэтчилэн тус салбарт яах аргагүй төрийн шийдвэр, зохицуулалт ус, агаар мэт хэрэгтэй байна. Дэлхийн тайзнаас тэд эх орныхоо нэрийг дуурсган тэмцээн бүрээс медаль гардаж, мэргэжлийн өндөр түвшинд салбараа авч явж байна. Гэвч ядуугийн зовлон их юм даа. Тээж ирсэн 80 жилийнхээ амийг таслахгүй гэсэндээ хар бууриа сахисаар суугаа циркчидээ харах цаг болсон шүү, Соёлын яамныхаан…

О.ГЭРЭЛ

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.